Уншиж байна ...

"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсын эрчим хүчний салбарт хүндрэлийг арилгахад жижигхэн хүчин чадлын цахилгаан станцууд байгуулах нь зүйтэйг эрчим хүчний шинжээч Л.Жамбаа ярьж байв. 

Мөн Английн компанийн хийсэн судалгаагаар дотооддоо урсгалтай голуудын 30-40 байршилд жижиг хэмжээний буюу 10-30 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих боломжтой гэж гарсан талаар дурдсан юм. 

Тэгвэл манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бичсэн нийтлэлдээ "Төв Азийн уулархаг нутгаас Пакистан хүртэл усан цахилгаан эрчим хүчний станц барихад тусалж байна" гэж онцолсон байв.

Иймд хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах боломж болон Их Британиас Монголд энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол бий эсэхийг түүнээс тодрууллаа. 

Сайд Дэвид Камерон "Бид бүхний өмнө уур амьсгалын өөрчлөлт гэдэг томоохон бэрхшээл тулгараад байгаа. Үүнийг шийдэж, ногоон эрчим хүчний үүсвэртэй болоход нь Монгол Улсад туслахад Их хангалттай туршлага, технологитой компаниуд Их Британи улсад бий.

Монгол Улсын нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хэмжээ өндөр байгаа. Бууруулахад нь Их Британи улс туслахыг хүсэж байна.

Энэ чиглэлд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бусад улс орноос ялгаатай нь бид Монгол Улсад ямарваа нэг шалгуур тавихгүй. Танай улсад тусалж, нүүрсхүчлийн хий болон агаарын бохирдлыг бууруулахад манай компаниуд өөрсдийн технологи, туршлагыг өгч, хөрөнгө оруулахад бэлэн байгаа. 

Ногоон эрчим хүчний үүсвэрийг гаргахад салхи, нар, усан цахилгаан станц барих нь Монгол Улсын ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад маш чухал үүрэгтэй. Манай улсын технологи, туршлагыг хүлээн авснаар Монгол Улсын ард иргэд ашиг тусыг нь хүртэх юм" хэмээлээ.