Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэрэнсодном: Монгол хүүхдүүд дэлхийн хэмжээний загвар бүтээж, өрсөлддөг

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Техник-технологийн улсын олимпиадыг зохион байгуулах дэд хорооны дарга, доктор профессор Л.Цэрэнсодномтой ярилцлаа. 

- Улсын техник, технологийн XXI олимпиад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон гэсэн. Олимпиад хэр амжилттай болж өндөрлөв. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Монгол Улсын хэмжээнд нийт 12 олимпиадыг зохион байгуулахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд 12 төрлийн хичээлээр олимпиад зохион байгуулагддаг гэсэн үг. Энэ дундаас хамгийн олон төрөлд олон сурагч, багш өрсөлддөг гэдгээрээ техник, технологийн олимпиад өндөр ач холбогдолтой байдаг.

XXI удаагийн техник, технологийн олимпиад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-28-ны хооронд олон улсын Найрамдал төвд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад хөдөө орон нутаг болон нийслэлийн есөн дүүргээс шалгарсан нийт 262 багш сурагч оролцсон. Тодруулбал, аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг 180 сурагч, 82 багш ур ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Манай олимпиад нийт есөн төрөлд зохион байгуулагддагаараа онцлогтой.

Авто дуураймал загвар, нисэх онгоцны загвар, усан онгоцны загварын тэмцээн, дүрслэх урлаг, дизайны багш нарын тэмцээн, дүрслэх урлаг, дизайны сурагчдын тэмцээн гэх зэрэг нийт есөн төрөлд болдог. Энэ жилийн техник, технологийн улсын олимпиадад багийн дүнгээр I байрт Улаанбаатар, II байрт Увс аймаг, III байрт Орхон аймаг, IV байрт Хөвсгөл аймаг, V байрт Сэлэнгэ аймгийн оролцогчид шалгарсан. 

-Техник технологийн нэг онцлог нь олон төрлөөр явагддаг гэлээ. Өөр ямар онцлогтой вэ. Сурагчдыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой байх?

-Манай олимпиадын нэг онцлог нь гэвэл тухайн хүүхдээс бүх төрлийн хичээлийн мэдэгдэхүүнийг шаарддаг. Нисэх онгоц болон усан онгоцны загвар хийхэд математик, физик, электроникийн талаар мэдлэгтэй байх ёстой. Эдгээр мэдлэгийг тодорхой хэмжээнд эзэмшиж байж нисэх онгоцны загвар бүтээдэг. Түүнээс гадна тухайн хүүхдээс маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Яагаад гэвэл нисэх онгоцны загвар бүтээсэн хүүхэд байлаа гэж бодоход бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ авч ирж уралдаанд оролцдог.

Мэдлэгийн хажуугаар ур чадварыг ч шаарддаг онцлогтой. Мөн 21 жилийн хугацаанд зохион байгуулагдсан энэхүү олимпиадад оролцож байсан хүүхдүүд дунд их, дээд сургууль төгсөж, дээд мэргэжил эзэмшсэн Монголын тэргүүлэх зэргийн компанийн захирлууд олон байна. Тухайлбал, Мобиком, Скайтел компанийн Ерөнхий захирлууд манай олимпиадад оролцож байсан.

Ер нь техник, технологийн олимпиадад аливаа зүйлсийг хийх сонирхолтой, дуртай хүүхдүүд л орно. Автомашины загвар зохион бүтээхийг хүүхэд бүр сонирхохгүй шүү дээ. Ганцхан түүнд дуртай, бүх цаг заваа дуртай зүйлдээ зориулдаг хүүхэд л сонирхоно. Яагаад гэвэл нэг загвар гаргахад өдөржин, шөнөжин суух юу ч биш байдаг. Түүнээс ч урт хугацаанд суух нь бий. Хүнээс их хөдөлмөр шаарддаг. 

-Техник технологийн олимпиадыг анх зохион байгуулсан цагаас нь эхлэн эдүгээг хүртэл тасралтгүй Зохион байгуулах хорооны даргаар ажилласан гэсэн. Ер нь техник, технологийн анхны олимпиад хэрхэн болж байв. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

- Техник, технологийн олимпиад зохион байгуулагдах болсон түүх их сонин л доо. Манай улсад бүх хичээлийн төрөлд улсын хэмжээний олимпиадууд зохиогддог ч ганцхан техник, технологийн чиглэлд зохиогддоггүй байсан юм. Харин энэ орон зайг МУБИС-ийн төгсөгч, “Залуу монгол” корпорацийн захирал Н.Чимэдцэрэн харж, анх санал дэвшүүлсэн. 1998 онд “Техник, технологийн улсын олимпиадыг зохион байгуулъя. Би ивээн тэтгэе” гэдэг санал хэлсэн.

Тухайн үед улсын олимпиад ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар явагддаг байлаа. Улсаас мөнгө өгдөггүй байсан юм. Энэ саналын дагуу Н.Чимэдцэрэнгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар Монгол Улсын техник, технологийн олимпиад анх удаа зохион байгуулагдсан түүхтэй. Эхний 10-аад жил “Залуу монгол” корпораци болон техник, технологид сонирхолтой хүмүүс ивээн тэтгэсэн. Сүүлийн 10 жилд улсын олимпиадыг БСШУСЯ-аас ивээн тэтгэж, тодорхой хэмжээний санхүүжилт гаргадаг болсон.

- Анхны олимпиадад сурагчид хэр идэвхтэй оролцож байв?

- Эхний хэдэн жилд Залуу техникчдийн ордон, хотын цөөн хүүхэд оролцдог байлаа. Хөдөө орон нутгийн сурагчид оролцоход тун хэцүү. Учир нь усан болон нисэх онгоц хийхэд их материал ордог. Шаардлагатай материалууд нь хөдөө орон нутагт олддоггүй байсан үе.

Тухайлбал, нисэх онгоцны загвар бүтээхэд далавч хийдэг тусгай технологи шаардлагатай. Түүнийг авч чадахгүйгээс болж эхний ээлжид хөдөө орон нутгаас цөөхөн хүүхэд оролцсон. Харин одоо бүх аймгийн сурагчид оролцох болсон. Олимпиадын цар хүрээ жигдэрсэн. Олимпиадаас эхний гурван байр эзэлсэн хүүхэд их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах боломжтой учраас оролцогчдын ур чадвар сайжирч, хүчтэй өрсөлдөх болсон. 

- XXI жилийн хугацаанд олимпиадад оролцож буй хүүхдүүдийн ур чадвар, мэдлэг хэрхэн өөрчлөгдөж байна вэ? 

- 20 жилийн өмнөхийг энэ цаг үетэй харьцуулахад огт өөр шүү дээ. Одоо үед гар утас, робокон бий болсон. Мэдээ, мэдээлэл, техник, технологийн өндөр дэвшилд хүрсэн. Тиймээс бид олимпиадынхаа шалгуурыг улам боловсронгуй болгохын тулд сүүлийн үеийн мэдээлэл, технологийн талаарх асуултыг олимпиадын материалдаа оруулж байна.

Ер нь бид цаг үетэйгээ холбогдуулан олимпиадын даалгавраа боловсруулдаг. Олимпиадад оролцож буй хүүхдүүдийн оюун санаа маш их өөрчлөгдсөн. Гаргаж буй загвар хийцээс нь харахад, сэтгэлгээ нь тэлсэн харагддаг. Дээхэн үед манай олимпиадад оролцсон хүүхдийн бүтээсэн онгоцны загварыг одоо оролцож буй хүүхдийн бүтээсэн загвартай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай. Сурагчид олимпиаддаа дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээлээр оролцож байна. Аймаг бүр ач холбогдол өгч оролцдог учраас өрсөлдөөн өндөр төвшинд хүрсэн. 

- Техник, технологийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн сурагчид их сургуульд суралцаж, төгссөний дараа тэдэнд тохирох ажлын байр байна уу? 

- Усан онгоцны загвар хийдэг хүүхэд тэр төрлийн мэргэжлийг эзэмших бус ихэвчлэн инженерийн чиглэлээр суралцдаг. Манай улсад усан онгоцны инженерийн орон тоо байхгүй. Гэхдээ цөөн тооны зарим залуучууд гадаадад ажилладаг. Тухайлбал, усан онгоцны чиглэлээр БНХАУ-д суралцаж, гадаадад ажилладаг залуус бий. Харин эх орондоо автомашины чиглэлээр суралцах боломжтой. Техник, технологийн олимпиадаас хүүхдүүд инженер, техникийн анхан шатны мэдэгдэхүүн авч байгаа учраас энэ чиглэлээр ихэнх нь суралцдаг.

- Одоогийн байдлаар хэчнээн хүүхдэд үнэ төлбөргүй хүссэн их дээд сургуульдаа элсэн суралцах эрхийг олгоод байна вэ?

- Жил бүр есөн төрөлд тус бүр эхний гурван байрт хүссэн их, дээд сургуульдаа элсэн суралцах эрхийг олгодог. Үүнээс харахад нийт 567 хүүхдэд хүссэн сургуульдаа суралцах эрхийн бичиг өгсөн байна. Энэ жил шагналын нөхцөлд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан. Өмнө нь жил бүр 27 хүүхдийн дөрвөн жилийн сургалтын Төлбөрийг улсаас гаргадаг байсан. энэ жилээс тухайн сургууль нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байхаар тогтлоо. 

- Шүүгчдийн бүрэлдэхүүнд 22 хүнээс бүрддэг гэлээ. Ямар хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна вэ? 

- Ихэвчлэн их сургуулийн багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог. Тухайлбал, дүрслэх урлагийн төрлийг манай сургуулийн дүрслэх урлагийн шинжлэх ухааны доктор, профессор н.Эрдэнэцог багш шүүдэг. Техникийн их сургуулийн багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ордог. Нисэх загварын төрлийг нисэх загварын “Масса” нийгэмлэгийн гишүүд ирж шүүдэг. Шүүгчдийн хувьд тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байх шаардлагатай байдаг.

- Нисэх онгоцны загвар зохион бүтээх гэдэг нэг төрлийн спорт болсон. Хөдөө орон нутагт энэ чиглэлийг хөгжүүлэхэд хэр анхаарч ажиллаж байна вэ?

- Цэдэнбал Пелетава Залуу техникчдийн ордонг байгуулсан түүхтэй. Энэ ордон хөдөө орон нутагт салбартай байсан. Харамсалтай нь 1990 онд Залуу техникчдийн ордон хувьчлагдаж, улмаар хөдөө орон нутаг дахь салбар нь татан буугдсан. Харин одоо нисэх болон автомашины загвар зохион бүтээх салбар хөгжих гол үндэс нь ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш нар болсон.

Өөрөөр хэлбэл, сургуулийнхаа технологийн кабинетад л зохион бүтээх ажлаа хийж байна. Өнгөрсөн жил залуу техникчдийн ордонг сэргээх асуудал яригдсан. Сайд үйл ажиллагааг нь сэргээх тушаал гаргасан ч сайн хэрэгжээгүй. Залуу зохион бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой Залуу техникчдийн ордон устчихсан. Энэ бол ганцхан жишээ. Ер нь 1990 оноос хойш хүүхэдтэй холбоотой бүх л зүйлс устсан шүү дээ. 

- Зохион байгуулах хорооны хувьд олимпиадаа тасралтгүй уламжлал болгон явуулахад хүндрэлтэй зүйлс гардаг байх. Санхүү мөнгөнөөс эхлээд олон зүйл байгаа болов уу? 

- БСШУС-ын сайдын тушаалаар жил бүр зохион байгуулах хорооны гишүүдийг томилдог. Манай хороонд ихэвчлэн есөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Техник, технологийн олимпиадыг зохион байгуулахад хүндрэлтэй зүйлс олон гарна. Улсаас нийслэлийн нэг багшийн хоолны зардалд 5,000 төгрөг, хөдөө орон нутгийн нэг багшид 12 мянган төгрөг олгодог. Гэтэл бид улсын техник, технологийн олимпиадыг Найрамдал төвд зохион байгуулахад, нэг хүнд дунджаар 50 мянга гаруй төгрөг шаардлагатай.

Олимпиадыг амжилттай явуулахад нийт 28 сая төгрөгийн зардал шаардлагатай. Харин улсаас 11 сая төгрөг өгдөг. Үлдсэн 10 гаруй сая төгрөгийг ивээн тэтгэгчийн тусламжтайгаар олдог. Ивээн тэтгэгчид нь мөн л манай сургуулийг төгссөн залуучууд байдаг. Санхүүгийн хувьд бор зүрхээрээ л явдаг. Зохион байгуулах хорооны гишүүдэд нэг төгрөгийн ч шагнал байдаггүй. Бид “Найрамдал” төвд олимпиадаа зохион байгуулдаг нь олон төрлийн ач холбогдолтой.

Тухайлбал, нисэх онгоц уралдах зам талбай, усан онгоцны усан сан, оролцогчдын байрлах байр, хоол хүнс гэх мэтчилэн олон зүйлс нэг дор төвлөрдөг. Түүнээс гадна сурагчид болон багш нар олон улсын “Найрамдал” зусланг үзэх боломж бүрддэг. Олимпиадад оролцохоор ирсэн багш, сурагчдын дунд “Найрамдал” зусланг анх удаа үзэж буй хүн ч байдаг.

“Найрамдал” зуслан бол Монгол хүүхэд бүрийн очиж үзэхийг хүсдэг газар шүү дээ. Энэ утгаараа сурагчдыг “Найрамдал” зусланд хоёр хоног ч болтугай амраахыг боддог. Манай сургууль “Найрамдал” төвтэй хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд олимпиадын дутуу үлдсэн мөнгөн дүнгийн оронд манай сургуулийн оюутнууд бүтээл хийж өгдөг. Жишээлбэл, Харшийн ёолкны хувцсыг манай сургуулийн дизайны ангийн оюутнууд урладаг. Тайз чимэглэлийн ажлыг Технологийн ангийн оюутнууд хийдэг. 

- Олимпиадад оролцсон зарим сурагчдад гадаадын томоохон компаниас санал тавьж байсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

- Өнгөрсөн жил Монгол дахь “Тоёото” корпорацийн төлөөлөгчид манай олимпиадыг ирж сонирхсон юм. Энэ хүрээнд автомашины дуураймал загвар зохион бүтээх төрөлд оролцож буй бүх хүүхдэд компанийнхаа гарын бэлэг өгсөн. Тэд “Гайхамшигтай ур чадвартай хүүхдүүд Монгол Улсад олон байдаг юм байна” хэмээн гайхаж байсан. Түүнээс өмнө Японы том корпорацийн эзэн манай олимпиадыг сонирхсон. Тэр үед нэг япон машины радио засаж чадахгүй байсан юм билээ.

Гэтэл манай олимпиадад оролцож байсан нэг сурагч радиог нь засчихсан. Түүнийг харсан япон захирал “Алс холын Япон улсын машины радиог монгол хүүхэд засварлана гэдэг сонирхолтой юм. Би энэ хүүхдийг Япон улсад сургая. Манай компаниас сургалтын зардлыг бүрэн хариуцна” гэж байсан удаатай. Ер нь техник, технологийн улсын олимпиадад оролцож буй хүүхдүүдийг ямар нэгэн улсад авч сургах сонирхолтой хүн олон бий.

Япон, Солонгос, ОХУ-ын техник, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хүртэл танай хүүхдүүдээс авч сургая, олимпиадыг чинь ивээн тэтгэе гэх зэрэг санал тавьдаг. Энэ мэтчилэн гадаадад суралцаж, тэндээ ажиллаж байгаа залуучууд ч бий. Харин олимпиадыг ямар нэгэн компанийн нэрэмжит болгох талаар бид хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь энэ бол улсын олимпиад. Ямар нэгэн компанитай хамтарч зохион байгуулахаар тухайн компанийн сонирхол давамгайлах тал өндөр байдаг. Тиймээс бид олимпиадаа шударга явуулахын тулд энэ саналд тийм ч таатай ханддаггүй. 

- Хүүхэд, залуучууд техник, технологийн салбарыг сонирхож, хичээллэснээр улс орны хөгжилд ямар ач холбогдолтой юм бэ? 

- Улс орны хөгжил инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, мэдлэг боловсролтой хамаатай. Манай улсад олон том үүрэн телефоны корпорациуд бий. Эдгээр корпораци амжилттай ажиллахад боловсон хүчин чухал. Техникийн сэтгэхүйтэй, авьяастай хүмүүс байх шаардлагатай. Харин эдгээр хүмүүсийг хөгжүүлэхэд, техник, технологийн олимпиад маш их үүрэг гүйцэтгэж байгаа.

Авьяастай хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа олимпиадын хүрээнд явагддаг. Тухайн хүүхэд автомашины загвараа хийж л хөгжинө. Техник, технологийн бодлого бодож л хөгжинө. Түүний үр дүнд эхний гурван байрт шалгарсан сурагчдыг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургадаг нь ирээдүйн чанартай боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг иргэд тэр бүр анзаарахгүй л дээ. Гэтэл Монголын хамгийн шилдэг инженер, техникийн ажилчид техник, технологийн олимпиадад оролцсон байдаг.

 

Зураг