Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амармөрөн: Гудамжинд хууль бус зар наасан 108 иргэнийг олж тогтоосон

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Хотын захирагчийн ажлын алба, Нисйлэлийн цагдаагийн газраас өнөөдөр хотын гудамж дахь цахилгаан гэрлийн шон, хайс , хашаан дээр наасан зарлалын асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригун энэ талаар “Улаанбаатар хотын гудамж, хайс, хашаан дээр зарлал маш ихээр нааж байгаа. Энэ нь өөрөө тохижилтын ажилтнуудад маш их хүндрэл учруулж байна. Гудамж талбайд цэвэрлэгээ хийхээс гадна ААН-үүдийн шон дээр наасан зарлалыг хуулж авахад маш их цаг зарцуулдаг.

Тиймээс иргэд, ААН-үүд зар сурталчилгааныхаа хуулийн дагуу, НИТХ-аас батлагдсан тогтоол журмын дагуу энэ үйл ажиллагаагаа явуулж, сурталчилгааны өөр хэлбэр болох хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг ашиглахыг уриалж байна” гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн “НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Тухайлбал 2016 онд холбогдох шалгалтуудыг зохион байгуулсан.

Үүний хүрээнд 8,000 гаруй зарыг хууль бусаар наасныг илрүүлж ажилласан. Тухайн зар наасан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлэн тогтоож, хариуцлага ногдуулсан. Хариуцлага ногдуулахдаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан төрийн төлөөлөгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх гэснийг үндэслэсэн. Нийт 600 гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Хууль бус зар наах ажилдаа ажилгүй иргэд, оюутнуудыг татан оролцуулдаг. Тиймээс иргэд, оюутнуудыг хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.

-Гулгаа массаж, сауны заруудаар дамжин гэмт хэрэг гарч байсан тохиолдол бий юу?

-Шалгалтын явцад бусдын биеийг үнэлүүлж байсан, биеэ үнэлсэн тохиолдлууд илэрсэн. Хоёр хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсээд холбогдох мөрдөн байцаагч нь хяналт, шалгалтын ажил явуулсан байгаа.

Мөн 2017 оны эхний гурван сард бид мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Баянгол, Хан-Уул дүүрэгт биеэ үнэлж байсан тохиолдлууд илрээд хяналт шалгалтын ажил явагдаж байна.

"28 саун, 41 массажны газарт хяналт, шалгалт хийсэн"

 

НМХГ-ын мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш дээрх хяналт шалгалтын талаар “Нийслэлийн захирагчийн ажлын албаны баталсан захирамжийн дагуу Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ саун массажний газруудад шалгалт хийж байгаа. Одоогийн байдлаар 28 саун, 41 массажны газарт хяналт, шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан саун, массажний 75 хувийнх нь барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, тухайн ажлын байрны агааржуулалт, гэрэлтүүлэг нь шаардлага хангаагүй.

Мөн өдөр тутмын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт муу, ажиллаж буй хүмүүс нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан.

Одоогоор хяналт, шалгалт үргэлжилж байгаа бөгөөд дуусахаар нь нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн юм.