Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд САРЫГ эзлэхэд ойрхон байгааг АНУ-ын компаниуд анхаарууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын сенатын танхим сансар судлалын салбарынхныг хуралдаандаа урьж, сонсгол хийсэн байна.

Хууль эрх зүй, бодлого зохицуулалт, эдийн засгийн үр өгөөж гээд сансар судлалын олон асуудлыг ярилцсаны дотор нэгэн эх оронч сэдэв хөндөгдсөн нь гараг эрхсийн эзэмшлийн асуудал байжээ.

Тодруулбал Америкийн компаниуд Хятадын сансар судлал эрчтэй хөгжиж, АНУ-ыг зарим талаар ардаа орхиход ойрхон байгааг эрх баригчдад сануулсан байна. Тэдний нэг, үл хөдлөх хөрөнгийн бизнесийн тэрбумтан, саран дээр хүн суурьшуулах чиглэлд ажиллаж байгаа Роберт Бигелоу “Хятадууд аливаа орон зайд эзэмшлээ тогтоох талаар эрчимтэй ажиллаж байна. Тэд Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал байгуулж, Өмнөд Америк, Африкт их хэмжээний хөрөнгө худалдаж авч байгаа бол харин өөрийнх нь газар нутагт компани байгуулах гэсэн гадаадынханд 49 хувийг дээд тал нь эзэмших боломж өгч байна” гэжээ.

“Удахгүй Хятадууд саран дээр хэсэг газар нутгийг өмчлөхөд ойрхон байна. Энэ бол хошигнол биш. Ингэвэл Хятадын нөлөө дэлхий дахинд асар их нэмэгдэнэ” гэж хууль тогтоогчдод тэр анхааруулсан байна.

Обамагийн үед Европын Сансрын Агентлагтай хамтран саран дээр тосгон байгуулах төслийг АНУ хүлээж аваагүй юм. Харин одоо Хятадууд энэ талаар Европчуудтай ярилцаж эхэлжээ. Ирэх жил Хятад улс саран дээр хоёр судалгааны станц буулгахаар төлөвлөснийг энд дурдах хэрэгтэй. Трампын засаг захиргаа сансар огторгуйн бодлогоо одоогоор тодорхойлоогүй байгаа бол Америкийн компаниуд ийнхүү шахаж эхэлсэн байна. Харин Трамп сарны тухай биш, Ангарагт хүрэх тухай ерөнхий төлөвлөгөөгөө зарлаж байсан юм. Тэгвэл хувийн компаниуд дэлхийн дагуулыг Хятадуудад алдахаас болгоомжилж эхэлжээ.

 

Эх сурвалж: Quartz