Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгууль ба АН-ын ХУВЬ ЗАЯА

Б.Өнөртогтох
2017 оны 4 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан хаврын улс төрийн халуухан сэдэв болчхож. Ардчилсан Монгол Улсыг удирдах чин хүсэл, нөгөө талаар мөрөөдөл тээсэн хүмүүс улс төрийн намууд дунд бишгүй олон гэдэг нь хэвлэлээр яригдаж буй горилогчдын жагсаалтаас илхэн харагдана.

Нам болгон дотроо ил далд өрсөлдөөн явуулж, дотоодын дэмжлэг авахын тулд сэм, сэмхэн уулзалтууд хийж байгаа сурагтай. Хууль ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч тавдугаар сарын эхний 10 хоногт тодрох учиртай. Улмаар, тавдугаар сарын 17-нд СЕХ-ноос нэр дэвшигчдийг албан ёсоор нийтэд зарлах хуулийн заалттай юм билээ.

Гэтэл хуулийн хугацаа болоогүй байхад өөрийгөө Ерөнхийлөгч хэмээн сэтгэчихсэн хүмүүс “би ялчихвал, ингэж ажиллана, тэгж өөрчилнө” хэмээн амлалт өгөөд л давхиж явна. Зангараг заагаад ч тэр үү МАН-ын горилогчдын сурталчилгаа тун ч нууцхан байдалтай. Хаа нэгхэн асуудлаар “шоудаж”, хэвлэл мэдээллийн анхааралд өртөхөөс өөрөөр мэдэгдсэн зүйл алга.

МАХН-ынхан ч ялгаагүй санал тавих хэмжээнд л тохиролцоо хийж буй сураг дуулдах болсон. Өөрөөр хэлбэл, наашаа гэсэн бүхэнтэй найр тавин уулзаж, нам харгалзахгүй хэнийг ч дэвшүүлэх магадлалтай гэдгийг МАХН-ын нэр бүхий улстөрчид хэлж буй юм.

увьсгалт намын нэр хүндийг өндөрт өргөж чадах, хувь хувьсгалын асуудлаар даацтайнхан үзэл бодлоо илэрхийлчих хэнийг ч МАХН хүлээж авахад бэлэн байгаа юм билээ. Тиймээс МАН-д гологдсон нэг нөхөр МАХН руу давхиж очоод нэр дэвшчихвэл гайхах зүйл алга.

Эрх мэдэл, мөнгө бүгд МАН-ын талд байна, харин АН...

Ерөнхийлөгч болох хэтийн мөрөөдлөө ажил хэрэг болгочих зорилготой, дотоодын дайнаа ил тод зарлачихсан улс төрийн хүчин бол АН-ынхан. 100 ямаанд 60 ухна гэгчээр “том мөрөөдөл”-тэй хүмүүс энэ намд хэтэрхий олон юм. Бүгд л дор бүрнээ амбиц, алдар нэрийн хойноос хөөцөлдөж нэгэн цул болох гэж оролдож буй намаа нэлээд олон хэсэг болгон бутаргахдаа ч гарамгай юм. Урьдчилсан байдлаар АН-аас долоон горилогчийн нэр дуулдаж эхэлжээ.

Уламжлал ёсоор фракц, фракцын төлөөлөл өрсөлдөнө гэсэн үг. Бүр өөр намаас орж ирчхээд Ерөнхийлөгч болох мөрөөдөл ч тээж яваа хүн ч тэдэн дунд дуулдах болов. Гэхдээ энэ удаагийн сонголт АН улс төрийн тавцанд нам хэвээр үлдэх үү, нэр хүндээ навс унагаж дахиад 20 жил гудамжид лааз өшиглөх үү гэдгийг шийдэх хариуцлагатай цаг үе.

Намын даргаа сонгосон шиг фракцын улс төр хийж, гишүүдийн бүртгэл нэрээр хуурамч анкет бүрдүүлж, ядарсан гишүүдийнхээ саналыг 5,000 төгрөгөөр үнэлэх юм бол ардчилал дахиад хэзээ ч өндийхгүй. Тэртээ тэргүй МАН бүх шатанд хүчтэй байгаа. МАХН-ынхан ч ярьснаасаа буцаж МАН-тай тохиролцоонд хүрч, улмаар сонгуульд оролцохоос татгалзах, эсвэл МАН-ын нэр дэвшигчид боломж олгох үүднээс эсрэг сул өрсөлдөгч сойвол АН-д ямар ч шаанс гарахгүй.

Эрх мэдэл, мөнгө гээд бүх зүйл МАН-д ашигтай байгаа учраас энэ бүхний өөдөөс АН нэр цэвэр хүнийг л явуулах учиртай юм. Улс төрд мэдээж өндөг шиг өөгүй хүн байхгүй. Гэвч улс төрийн туршлага, зангараг, адаглаад л мэдлэгтэй улстөрчийг сойхгүй л бол АН хоёр том сонгуульд бүрэн ялагдал хүлээх нь ээ. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихлоо гэхэд Ардын намын хэмжээ хязгааргүй эрх мэдэлд хяналт тавих хүнтэй болно гэсэн үг.

Олонхоор хүч түрээд баталчихсан хуулийг хориг тавиад ч болов хойшлуулах сөрөг хүчний дуу хоолой төрд хүчтэй болох учиртай. Тиймээс л Ерөнхийлөгчийн сонгуульд намын зөрчил, фракцын эрх ашгийн үүднээс биш ирэх сонгуулийн үр ашиг, ирээдүйд  олж авах нэр хүндийнхээ төлөө нэгдэх хэрэгтэй байна, АН-ынхаан.

Мэдлэгтэй, чадвартай, хамгийн чухал нь нэр цэвэр гэсэн шалгуурт тэнцэх хүн эдгээр долоон горилогчид дунд харамсалтай нь ганц, нэгхэн байгаа. Дийлэнх, олонх нь муу нэртэй, луу данстай. Зангаргатай улстөрч шүү гэж хэлчихмээр, тоочихмоор хүн чамлалтай.

Фракцын дарга нар намаа ялагдуулахыг хүсэв үү

Хамгийн хачирхалтай нь АН-ынхан ирэх тавдугаар сарын 2-нд намын гишүүдийнхээ дотоод сонгуулиар нэр дэвшигчээ тодруулна гэж зарлачихсан. Цаг хугацаа тулчихсан, хэзээ мөдгүй шинэ cap гарах гэж байхад нэр дэвшинэ ээ гэж зарласан улстөрчдөөс даацтай хөдөлгөөн хийсэн хүн тун цөөхөн байгаа нь олны гайхшийг төрүүлж буй.

Эндээс харахад, АН Ерөнхийлөгчийн сонгуульд тэгтлээ ач холбогдол өгөхгүй байна уу хэмээн хардаж болохоор. Намын гишүүд дунд ч иймэрхүү яриа гарч байгаа нь худлаа биш. АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрчихсэн нь хэнд, илхэн. Тиймдээ ч намаа даргалж буй “Шонхор” фракц ба бусад гэсэн зөрчлийн үр дүн Ерөнхийлөгчийн сонгууль байх нь гэсэн таамаг яриаг үгүйсгэж боломгүй юм. Намын шинэчилсэн дүрэмдээ сонгуульд намаа ялагдуулсан бол намын удирдлага хариуцлага хүлээх ёстой гэсэн заалт байгаа гэх.

Тиймээс бусад фракцууд Ерөнхийлөгчид намаа ялагдуулж, улмаар С.Эрдэнэ даргатай хариуцлага тооцох тохироог ч наагуур цаагуур хийгээд эхэлсэн гэсэн явган яриа нэг биш нэлээд хэдэн хүний амнаас дуулдаж буй учраас үнэний магадлал өндөр гэсэн үг л дээ. Фракцын дарга нар ярилцаж, ийм шийдэлд хүрсэн байлаа гэхэд АН гоё харагдах нь юу л бол. С.Эрдэнийг түлхэж унагалаа гээд АН шинэчлэгдэж чадах эсэх нь эргэлзээтэй.

Дараа, дараагийн сонгуульд ялалт байгуулах магадлал буурна уу гэхээс өснө гэсэн итгэл төрөхгүй нь. АН-ын лидер гэгдэх улстөрчид арай ч намаа ингэж хорлохгүй гэж найдъя. Ардчилсан намд итгэдэг, улсын хөгжилд хэрэгтэй хэмээн дэмждэг мянга, мянган гишүүдийнхээ итгэл рүү ус цацахгүй гэж найдъя.

Харин нэг нам шиг эвлэлдэж, намаа хагалан бутаргах бус нийтээр нэр цэвэр улстөрчөө дэмжээд явчихвал АН ард түмэнд гоё харагдана даа. Төрийн жолоог нэг намд дангаар өгч болохгүйг ард түмэн мэдэж буй учраас АН-ын нэр дэвшигч ялах магадлал өндөр гэдгийг тэд мэдэж байгаа биз ээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.