Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Алтан хальс индепендент кино наадам”-ын бүртгэл явагдаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монголд арт киног таниулах, монгол уран бүтээлчдэд гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөж, хөгжих боломж олгон, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг түүчээлэх зорилготойгоор “Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа кино наадам энэ жилээс эхлэн Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) болон цар хүрээгээ тэлж, өрсөлдөх бүтээлүүдээ хүлээн авч эхэлжээ.

Энэ жилээс эхлэн та индепендент гэж хэлж болохуйц ямар ч бүтээл оролцуулж болох аж. Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогч, найруулагчийн хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм.

Уг кино наадам уралдаант хэсэг, мастер-класс, уралдаант бус хэсэг, тусгай үзвэр зэрэг хэсгээс бүрдэнэ. 2013, 2014 он, мөн олон улсын түвшинд зохиогдож эхэлсэн 2015, 2016 онд нийт 53 орны 760 бүтээлээс 131 бүтээл кино наадмын уралдаант хэсэгт шалгаран өрсөлдсөн бөгөөд 18 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх шагналыг олгосон байна. 2015 онд дэлхийн авангард киноны тэргүүлэх уран бүтээлч Петер Черкасски, Ив Хеллер нар, 2016 онд Хятадын продюсер Жан Шян Минь ирж кино наадамд бүтээлээ толилуулж, мастер-класс хийн шүүгчээр ажиллажээ.

Мөн шагналт уран бүтээлчид Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд бүтээлээ толилуулах эрхийг олгоно. Уг кино наадамд шалгарсан бүтээл Оскарт өрсөлдөх эрхтэй болдог.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Сэдэв чөлөөтэй.
  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа 30 минутаас хэтрэхгүй.
  • Англи хэл дээр биш бол англи хадмал орчуулгатай байх шаардлагатай.
  • Тухайн бүтээл өмнө нь Монголд зохиогдсон ямар нэг кино уралдаанд оролцоогүй, интернэтэд олон нийтэд хүргэхээр тавигдаагүй байх ёстой.

БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ

  • Хүүрнэлт кино-Ямар нэгэн үйл явдлыг хүүрнэж буй кино. Хийц болон жанр чөлөөтэй.
  • Хүүхэлдэйн кино-Киноны 70-аас дээш хувь нь хүүхэлдэйн киноны арга ажиллагааг ашиглан хийгдсэн хүүрнэлт болон хүүрнэлт бус кино.
  • Баримтат кино-Бодит байдлыг баримтжуулах зорилготой бүтээгдсэн кино.
  • Эксперименталь кино-Хүүрнэлт уламжлалд баригдаагүй, цэвэр илэрхийлэмжийг урьтал болгосон кино.

АЛБАН ЁСНЫ СОНГОЛТ

  • Бүртгүүлсэн бүх бүтээлийг сонголтын хороо шүүж, уралдаант хэсэгт өрсөлдөх эсэхийг нь шийдвэрлэнэ.
  • Албан ёсоор сонгогдсон бүтээлүүд уралдаант хэсэгт толилуулагдаж, шүүгчдийн багийн шийдвэрээр шилдгүүд шалгарна .
  • Албан ёсоор сонгогдоогүй монгол бүтээлүүд кино наадмын үеэр уралдаант бус хэсэгт толилуулагдана.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Кино наадам ирэх зургаадугаар сарын 9, 10, 11-нд “iCinema” кино театрт зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болно.

Дараах шагналуудыг олгоно:

Golden Reel Award - Алтан хальс шагнал (Алтан хальс цом, мөнгөн шагнал). Энэ шагналыг Монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой.

Reel Deal Award

Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)

Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

БҮРТГЭЛ

Монгол болон гадаадын иргэд өөрсдийн бүтээлээрээ өрсөлдөх боломжтой. Монголчуудын бүртгэлийн хураамж 20 мянган төгрөг. Бүртгэлийн хураамжийг Худалдаа хөгжлийн банкны АЛТАН ХАЛЬС ТББ - 404200562 тоот данс руу регистрийн дугаараа гүйлгээний утган дээр бичиж шилжүүлнэ.

Үндсэн бүртгэл ирэх тавдугаар сарын 1-ийг дуустал буюу тавдугаар сарын 1-ний 23:59 хүртэл үргэлжилнэ. Нэг оролцогч хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Гэвч бүтээл тус бүрт бүртгэлийн хураамж төлнө.

Монгол оролцогчид энэ холбоосоор бүртгүүлээрэй.