Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Осоргарав: Хөрөнгө оруулалтын банктай болчихвол ард түмний амьдрал сэргэнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдэж байгаа.

Үүнтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын банкны талаар Монгол Улсын гавъяат эдийн засагч Б. Осоргаравын байр суурийг сонсохоор түүнтэй уулзаж ярилцсан юм. 

-Хөрөнгө оруулалтын банкыг Монголд оруулж ирэх хэрэгтэй юм уу? Та ямар бодолтой байна вэ?

Дэлхийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг нэгдмэл болон бүс бүсээрээ өөр банкууд бий. 

Хөрөнгө оруулалтын банкыг Монголд оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Яагаад гэвэл манай дотоодын банкууд томоохон төсөл хөтөлбөрөө хөдөлгөж дийлэхээ больчихлоо.

Уул уурхай, барилга, газар тариалангийн төслүүдээ хөдөлгөхөд Хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй.

Гадны банкуудаас санхүүжилт, Хөрөнгө оруулалт босгох талаар бид гуйдаг.

Хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэхэд анхаарах хэд хэдэн зүйлүүд байна

Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын банкны босгыг нь өндөр тавих хэрэгтэй. Хуулиндаа нарийн заалтуудыг оруулж өгөх нь зөв. ​Хэд орчим төсөвт өртөгтэй төслүүдэд санхүүжилт олгох, хүүгийнх нь хэмжээ нь ямар байх юм зэргийг хуулиараа батлаж өгөх нь зүйтэй.

Хөрөнгө оруулалтын банкны хүүг босго тогтоож тогтоож өгдөг бол тун сайн.

Хоёрдугаарт, тухайн банкны мөнгийг дотоодод эргэлдэхэд анхаармаар байна. Оюу толгойн мөнгө гадаадад оччихсон байгаа шиг л байж яав ч болохгүй. 

Гуравдугаарт, ашиг хүртэх хугацааг нь богино тооцох. Түүнээс биш 50 жилийн дараа Монголчууд ашиг хүртэнэ гээд сууж байж болохгүй л дээ. 

-Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал талаасаа Хөрөнгө оруулалтын банктай болоход бид бэлэн байгаа юу?

-Эдийн засгаа сэргээн босгох, улсын хөгжлөө бодоод энэ сонголтыг хийх нь зөв.

Манай улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Томоохон төсөл хөтөлбөрүүд нь зогсчихсон. Энэ төсөл хөтөлбөрүүд хөдлөж байж иргэдэд үр шимээ өгнө. 

 Улс орны хамгийн чухал зүйл бол иргэн. Ард иргэдэд Хөрөнгө оруулалтын банк шууд хамааралгүй.  Гэхдээ дам байдлаар хамаатай. 

Банкууд хадгаламжинд цадчихсан учраас зээлийн хүүг багасгахгүй байна

Ард түмэнд тулгараад байгаа хамгийн гол бэрхшээл зээлийн хүү. Манай банкуудыг  дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр хувийн хүүтэй зээл олгодог.

Ийм өндөр хүүтэй зээл авчихаад эргүүлж төлөх асуудал иргэдэд хүнд тусах нь гарцаагүй.

Олон улсад жилийн хүү нь хамгийн ихдээ найм, ес л байдаг. Гэтэл манайд сарын хүү нь ийм өндөр.

Хүүг багасгахын тулд банкууд нэгдэх хэрэгтэй.  Монгол Улсад 9.5 их наяд төгрөгийн хадгаламжийн хүү эргэлдэж байна.

Банкууд хадгаламжинд цадчихсан болохоор хүүгээ багасгахгүй суугаад байна.

Тийм учраас хадгаламжийн хүү болон зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах нь зүйтэй. 

Хадгаламж манай улсын цөөн хэдхэн хүнд л бий. Яахав судалгаагаар хоёр сая найман зуун мянган хүн хадгаламжтай гэсэн тоо гарсан байдаг.

Нийт хадгаламжийн мөнгөний  98 хувь манай улсын толгой баячууд мөнгө. Үлдсэн хоёр хувийг нь ард иргэдийн мөнгө эзэлдэг. 

Хэтэрхий баяжсан хэсэг хүмүүс хадгаламжийн хүүнээс улам бүр баяжиж байхад үлдсэн хэсэг нь ядуу хэвээрээ. 

-Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөхийн тулд Хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй гэж та хэллээ. Манай банкуудад ийм нөөц боломж байхгүй гэж үү?

-Хөрөнгө оруулалтын банк орж ирэхээр зарим үндэсний компаниуд нэгдэж нийлээд томрох шаардлага байна. Үндсэндээ бол монголын банк гээд байгаа газрууд ломбардын үйл ажиллагаа л явуулж байна шүү дээ.

Машины зээл олгоно ч гэж байх шиг. Бараг л утас барьцаалаад зээл олгоно гэх нь холгүй юм болж байна. Хэдхэн банктай. 

Тэгээд тэр хэд нь бас болоогүй монополь шинжтэй. Монголын санхүүгийн зах зээлийг хэдэн банк эзэлчихсэн.Тэгсэн мөртөө томоохон төсөлд зээл олгох чадавхигүй. Банкуудын хүү нь асар өндөр. 

Ганцхан Монголын хуульд захирагдах Хөрөнгө оруулалтын банк байх нь чухал

Хөрөнгө оруулалтын банк аль ч улсаас орж ирж болно. Ганцхан Монголын хуульд захирагдах, манай улсын ашиг сонирхлын төлөө үйлчилдэг банк байвал болно доо. 

-Иргэдэд Хөрөнгө оруулалтын банк ямар үр өгөөжтэй вэ?

-Хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэхийг бол дэмжээд байгаагийн шалтгаан нь томоохон төсөл хөтөлбөр гэж түрүүн хэлсэн.

 Хэдийгээр Хөрөнгө оруулалтын банк орж ирснээр иргэдэд шууд хамааралгүй  ч гэсэн тойруу замаар үр шимээ өгч эхлэнэ. Учир нь томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эхэлвэл ард түмэн ашиг хүртээд сүйд болохгүй юм аа гэхэд ажлын байр бий болж иргэдийн амьдрал сэргэнэ. 

Хэдий болтол бид аливаа юмнаас хардаж, сэрдэж болгоомжлох вэ? Улс орондоо хэрэгтэй, ашигтай зүйлийг ашиглаж чадвал боломж нээгдэнэ. 

Би яриад байгаа шүү дээ. Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд 9.5 их наяд хадгаламжийн хүүнээс 50 хувийг нь ч болов зээлчихэж болдоггүй юм уу? 
гэж ярьсан. 4.5 их наяд төгрөгөөр бид их юм хийнэ. 

Энэ дашрамд хэлэхэд төр засгийн зүгээс эдийн засгийг сэргээх дүртэй мөртөө цаагуураа унагах олон юм хийх юм.

Жишээ нь ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж байна. Төр засгийн данхар бүтэц, урсгал зардлыг багасгах талаар эхлээд яригдаж байсан.

Манай засаг төрийн зүгээс зардлаа танаагүй хэрнээ иргэдийн амьдралыг улам дордуулах зүйлийг татвар нэмснээр хийчихлээ.

Хөтөлбөрийн шаардлагад төрийн зүгээс урсгал зардлаа хасах гэж багтсан шүү дээ. Гэтэл төсвөө батлахдаа сайд нарын багцад 450 тэрбум төгрөг нэмээд баталчихлаа.

Энэ мэтчилэн Хөрөнгө оруулалтын банкны асуудлыг иймэрхүү алдаа завхралтай зүйл болгож битгий хувиргаасай

-Ярилцсанд баярлалаа.