Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд аялал зохион байгууллаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
 

Нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургуулийн 150 гаруй багш сурагчид Баянзүрх дүүргийн “Гачуурт” тосгонд байрлах Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын харъяа “Минж үржүүлгийн төв” болон Төв аймгийн Сэргэлэн суман дахь “Салхит” салхин цахилгаан станцтай танилцах аялал хийлээ.

Хэрэг зориг юунд вэ? гэж монголчууд эхлээд  асуудаг. Нийслэлийн 40 ЕБС-ийн эко клубын гишүүдийг хамарсан аялалын зорилго нь тогтвортой хөгжлийн нэг асуудал болох сэргээгдэх эрчим хүчний талаар практик мэдлэг олгох, ногоон хөгжилд багш сурагчдыг үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл нь тогтвортой хөгжлийн үзэл санааг ЕБС- ийн сургалтын хөтөлбөрт тусгах зорилготой.

Тогтвортой хөгжлийн боловсролын сүлжээнүүдийг байгуулах, үйл ажиллагааг нь идэвхижүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.

Эко клубуудын нэгдсэн сүлжээг бий болгож, клубын гишүүн сурагчдаар дамжуулан тогтвортой хөгжлийн боловсролыг олгож байгаагийн бодит жишээ нь  2016 онд амжиллтай зохион байгуулсан “Хоггүй сургууль эко орчин” аян,  мөн энэ онд  зохион байгуулж байгаа “Эрчим хүчний ухаалаг хэрэглээ” аян юм.

Төсөлтэй хамтран ажиллаж буй сургуулиудад байгаль орчноо хайрлан хамгаалах, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудалд өөрсдийн дуу хоолой, үүрэг оролцоогоо зориулах эко клубууд аль хэдийнээ байгуулагдсан байна.

Тус төсөл нь зөвхөн дунд сургуулийн сурагчидтай хамтран ажиллаад зогсохгүй ТХБ, ТХ-ийн үзэл санааг олон нийтэд ойлгуулж, эрх зүйн орчин, боловсролын системд нэвтрүүлэх  чиглэлээр мөн ажиллаж байна. 

Тогтвортой хөгжил бол бидний үр хүүхдийн амьдралын баталгаа

 

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн мэргэжилтэн Ц.Алтанбат “Тогтвортой хөгжлийн боловсролыг Монгол улсын ЕБС-ийн системд нэвтрүүлж, тогтвортой хөгжил ба ногоон хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.

Төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжил дээшлүүлэх, боловсролын үнэлгээ, сүлжээ, сургууль олон нийт гээд үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдрийн аяллаараа бид хүүхдүүдэд эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэдэг, сэргээгдэх ба сэргээгдэхгүй эх үүсвэрийн ялгаа, эрчим хүчийг хэмнэхийн ач тус,  цаашлаад тогтвортой хөгжилд миний оруулах хувь нэмэр юу вэ гэдэг ойлголтыг бодит байдал дээр нь өгөхийг зорьж байна.

 Танхимын бус сургалтаар авсан энэ мэдлэг нь хүүхдүүдийн ирээдүйн ажил мэргэжлээ сонгоход ч нөлөөлнө гэдэгт итгэж байна.

Сурагчид сургуулийнхаа эрчим хүчний хэрэглээнд үнэлгээ хийж сургуулийнхаа орчинд ухаалаг хэрэглээ бий болгоод зогсохгүй гэрийнхээ цахилгааны хэрэглээнд хэмнэлт хийх уралдаанд оролцож байна.

Ингэснээр сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдэд ч тогтвортой хөгжлийн ойлголтыг өгч байгаа юм.

Тогтвортой хөгжил бол бидний үр хүүхдийн амьдралын баталгаа бөгөөд хүн бүр одоо болон ирээдүйнхээ төлөө байгаль орчинд хор хөнөөл багатай зөв үйлдэл хийдэг байгаасай” гэлээ.

 “Тогтвортой хөгжлийн боловсрол” гэдгийг энгийнээр ирээдүйнхээ төлөө зөв үйлдэл хийхэд суралцах, мэдлэг, хандлага, үнэт зүйл олж авах хэмээн ойлгож болохоор.

Ингээд багш сурагчид, зохион байгуулагчдын хамтарсан баг аялалын маршрутын дагуу Минж үржүүлэлтийн явцтай танилцахаар Баянзүрх дүүргийн “Гачуурт” тосгоныг зорилоо.

Сургууль тус бүрээс “Эко клуб”-ын хоёр гишүүн, нэг багш оролцсон юм.

Багш сурагчдыг “Минж үржүүлгийн төв”-ийн менежер болон ажилчид угтаж, минж нутагшуулж, үржүүлэхийн ач тус, арчилгаа болон төвийнхөө талаар танилцууллаа.  

 

“Минж үржүүлгийн төв”-ийн менежер Д.Батдэлгэр “Манай төв 2012 оны зургаадугаар сарын 6-нд байгуулагдсан.

Минж үржүүлэх, нутагшуулах, түүний байгалийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой.

Герман болон Оросын Холбооны Улсаас оруулж ирсэн 38 минж бий. Үүнээс 16-г нь нутагшуулсан.

Цаашид олон төрлийн минж нутагшуулах, экологийн нөхцөлийг байгалийн аясаар нь сэргээхэд хувь нэмрээ оруулна” хэмээн багш сурагчдад төвийнхөө талаар мэдээлэл өглөө.

Сурагчид Минж гэдэг амьтныг номон дээрээс л харж байсан болохоос дэргэдээс нь харж байгаагүй. Бас түүнийг хайрлах нь зүйтэй талаар өөрсдийн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Номон дээрээс л хардаг амьтнаа дэргэдээс нь харлаа

 

Нийслэлийн 102-р сургуулийн 7-р ангийн сурагч Л. Эрхэмбаяр “Би сургуулийнхаа эко клубын гишүүн. Номон дээрээс хардаг амьтнаа дэргэдээс нь харлаа. Минж бие биендээ маш үнэнч амьтан.

Бүх насаараа нэг л гэр бүлтэй байдаг. Шүднийх нь өнгө нь өөрчлөгдвөл өвчин тусчихдаг. Бас байгальд их ээлтэй. Тийм учраас найзуудаа минжийг хайрлаж, хамгаалцгаая” гэж найзууд, ах эгч нартаа уриаллаа.

Минжийг усны инженер гэдэг. Арга ч үгүй юм. Тэд далан барж, усны урсгалын хурдыг өөрчилснөөр булингартсан усыг тунгааж, цэвэршүүлдэг.

Мөн минжний тайрсан бургас улиасны иш улам олон мөчир үүсэх боломжтой болдог аж.

Минжнүүд шөнөжин ажиллаад шөнийн 5:00-6:00 цагт амарч, маргааш оройны 6:00 цагт сэрдэг байна.

Минж мод мэрж хоолохоос гадна лууван, жимсний төрлөөс алим, банан зэргээр хооллодог. Хүмүүс их ирж үздэг юм.

Энэ амьтныг сүйтгэгчид нь хүмүүс шүү дээ. Олон хүн ирж минжтэй танилцаж, байгальд ямар их ач тустай амьтан болохыг нь ойлгоосой гэж боддог талаараа байгууллагын ажилчид ярьж байлаа.

“Минж үржүүлгийн төв”-тэй танилцсаны дараа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Салхит” салхин цахилгаан станцыг бид зорьсон юм. Энэ бол аялалын хоёр дахь маршрут.

Эрчим хүчний ухаалаг хэрэглээг бий болгоцгооё

 
Гэрэл зургийг mpa.mn

“Салхит”  цахилгаан станц нь салхины эх үүсвэрээр эрчим хүч үйлвэрлэдэг станц юм.

“Салхит” цахилгаан станцыг байгуулахад зургаан жилийн турш салхины  хэмжилт хийсэн байна. Ингээд салхины дундаж хурд 8.2 м/с болохыг тогтоог цэгүүдэд сэнсийг байршуулжээ.

50 мв-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ станц жилдээ 160 сая кв эрчим хүчийг эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлдэг аж.

Эрчим хүч үйлдвэрлэлтэй танилцсан сурагчид цаашид шаардлагагүй тохиолдолд өрөөнийхөө гэрлийг унтрааж, байгальдаа хор багатай амьдралыг илүүд үзэж байгаа талаараа онцлон ярьж байлаа.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд хийсэн “Эрчим хүчний ухаалаг хэрэглээ” нэг өдрийн эко аялал багш сурагчид “Салхит” салхин цахилгаан станцтай танилцсанаар өндөрлөлөө.

Ирэх зургаадугаар сард нийслэлийн 40 ЕБС-ийн багш сурагчид эрчим хүчний ухаалаг хэрэглээг сургуулийн орчинд болон өөртөө хэрхэн хэвшүүлсэн талаарх тайлангаа тавьж, аянаа дүгнэх аж.

Тогтвортой хөгжлийн үндэс болсон эрчим хүчээ зөв зохистой хэрэглэх, байгальд ээлтэй амьтан минжийг хамгаалах талаар аялалд оролцогчид уриалсан юм.

Фото сурвалжилга /2017.04.15/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг