Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Энхтүвшин: Газраа байраар солихоор гэрээлсэн айлууд түрүүчээсээ ад үзэгдэх маягтай болсон

Б.Төгөлдөр
2017 оны 4 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонссон. Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээллийнхээ эхэнд Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтийн хүрээнд энэ асуудлыг шийдэх эдийн засгийн боломжгүй, хүндрэлтэй байгаагаас шалтгаалан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулах эрх авсан аж ахуйн нэгж, компанийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэж ирсэн.

Тухайлбал одоогийн байдлаар УБ хотын гэр хорооллын 24 байршлын хэсэгчилсэн 75 талбайд 4,829 айлыг орон сууцад оруулаад байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс одоогийн байдлаар асуудал нь шийдэгдээгүй, хүндрэлтэй байдалд орсон иргэдээс 162 өрхийн асуудлыг шийдвэрлэснийг онцолж байлаа.

Тэрбээр, БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд гэр хорооллын дэд бүтэц, иргэдийн дамжин суурьших зориулалт бүхий 1,000 айлын орон сууцын хөтөлбөрийг энэ сард багтаан эхлүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Дээрх 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайн зөвхөн 28-д нь ажил өрнөж байгаа учраас дээрх компаниудын санхүүгийн боломж, ажлын ачаалал, тухайн ажлыг гүйцэтгэх хугацаа зэргийг харгалзан дахин хуваарилалт хийн бусад компаниудын оролцоог хангах шийдвэр гаргасан.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 93.8 га газрыг, Сонгинохайрхан дүүрэгт 67.3 га газрыг дахин төлөвлөлтөд хамруулах эрхийг тус тус нэг компанид өгснөөс ажил явахгүй байгааг мэдээлэлдээ дурдсан.

Азийн хөгжлийн банкны (АХБ) санхүүжилтээр гэр хорооллын дэд бүтцийн иж бүрэн төсөл хэрэгжүүлэхээр Баянхошуу, Сэлбэ дэд бүтцийн төсөл эхлээд байна. Мөн АХБ-наас орлогод нийцсэн орон сууц буюу хямд өртөгтэй амины орон сууцын хөтөлбөрийг 2018 онд эхлүүлнэ.Түрээсийн орон сууцын хөтөлбөрийг Нийслэлийн орон сууцын корпораци, Төрийн орон сууцын корпорацийн хөтөлбөрийн хүрээнд үргэлжлүүлнэ. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн шийдэл нь сервис центр буюу дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа барилгын компаниудын хүчийг зөв хуваарилан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад чиглэнэ гэдгийг салбарын сайд онцоллоо.

Монголбанкнаас 2016 оны 10 дугаар сард баталсан "Орон сууцын ипотекийн санхүүжилтийн журам”-д банкнаас иргэдэд олгох орон сууцын зээлийн хугацааг 20-30 жил болгон сунгасан. Ингэснээр иргэдийн орон сууцын зээлийн сарын төлбөрийн дарамт үлэмж буурч, хүртээмж сайжрах, улмаар барилгын салбарын борлуулалт өсөхач холбогдолтой байсан.

Тухайлбал, найман хувийн хүүтэй 70 сая төгрөгийн зээлийн хугацаа 20-30 жил болж уртсахад сарын төлбөрийн хэмжээ 585.5 мянган төгрөгөөс 513.6 мянган төгрөг болж 72 мянган төгрөгөөр буурч байна. Монголбанк "Орон сууцын ипотекийн санхүүжилтийн журам” баталж, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, МИК ОССК, банкнуудтай “Орон сууцын ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ"-г тус тус байгуулан, эдгээрийн хүрээнд орон сууцын зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна гэж салбарын сайд мэдээлэлдээ онцоллоо.

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

- Хот суурин газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар шийднэ гэж яриад байна. Та бүхэн энэ хуультайгаа танилцсан уу?

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр

- Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн тухайд мэдээлэл муутай байна. Өнгөрсөн парламентын үед хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдээсээ санал асуусан. Гэтэл энэ ажил яваагүй. Явахгүй байгаа ажлыг хуульчлаад оруулаад ирэх юм. Тиймээс энэ асуудлаа эргэж хараач гэж хүсмээр байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал

- Хотын алслагдсан дүүргүүдэд анхаарал хандуулаад, хотын төвлөрлийг сааруулахгүй бол нөхцөл байдал хүнд байгаа шүү. Өвөл утаа, утаа гээд байдаг. Зун хөрсний бохирдол их байгаа шүү. Тиймээс эрдэмтдийн сайн гэсэн технологийг ашиглаад, ажиллаад өгөөрэй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд

- Гэр хорооллын барилгажуулалтыг гурван бүсэд хувааж байгаа юм. Хөрсний бохирдлын асуудал тулгамдаж байгаа. Бохироо зайлуулах гэдэг асуудал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал мөн. Дэлхийн хөгжиж буй орнуудыг жишгийг нэвтрүүлэх үүднээс онцгой анхаарах болно.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

- Ипотекийн зээлийг хөдөө орон нутагт хэр зэрэг өргөжүүлж өгөх вэ. Жишээ нь Дорноговьд манайхан орон сууц барьсан. Ер нь хөдөө орон нутагт ипотекийн зээлийн тоог нэмж өгөөч. Тэгэхгүй бол нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байна.

Хоёрдугаарт, Сайншандын Соёл, спорт төвийн барилгын асуудалд онцгой анхаарал тавьж өгөөч. Тэгэхгүй бол хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж алга. Ихэнх нь Эрээн хот руу гарч мөнгөө үрж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр

- Аймаг орон нутгийн Соёл, спорт төвийн барилгын асуудалтай танилцсан. Үүнийг анх удаа аймаг орон нутаг шийдэж, тендер зарласан түүхтэй. Энэ ажилд хариуцлагагүй хандсан хүмүүст яриад байх юм байхгүй. Бид өгсөн мөнгөө буцааж авна, хариуцлага тооцно гэж аймаг орон нутгийн удирдлагатай газар дээр нь тохирсон. Ипотекийн зээлийн тоог Барилга, хот байгуулалтын сайд шийдэхгүй. Гэхдээ бид ярилцъя.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

- Гэр хорооллын дахин төлөвлөлтийг өмнөх удирдлага эхлүүлсэн. Үр дүн нь юу болж байна вэ гэхээр баахан айлын газар авсан, байшин нураасан, ТҮЦ-ийг нь бас нураасан. Иргэд нь хаана амьдарч байна вэ гэхээр ах, дуу нараараа тойрч явна. Түрүүчээсээ ад үзэгдэх маягтай болсон. Байшин баригдаж байна уу гээд байсхийгээд очиж хардаг, газар л ухаад хаясан. Миний тойрог болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд ийм хоёр газар байна. ажлаа хийхгүй байгаа компаниудыг яах вэ.

Гүйцэтгэгчийг нь солих юм уу, хөрөнгө гаргаж дуусгах юм уу. Иргэд дөрвөн жил айлаар явсан байна, нөхөн төлбөр өгч байсан ч зогсох тал руугаа явж байгаа гэх. Нийслэлийн хэмжээнд 152 хороонд концессоор цэцэрлэг, сургууль барина, газрыг нь шийдсэн үү. Ууланд цэцэрлэг барьж хэрэггүй, төвд нь барих хэрэгтэй?

Хотын дарга С.Батболд

- Чингэлтэй дүүргийн 15, 16 хороонд дахин төлөвлөлт эхлүүлсэнтэй холбоотойгоор бодит байдал ийм л байгаа, та яг голоор нь хэллээ. Ажил хийхээр хоттой гэрээ байгуулсан компани нь 6-8 тэрбумын санхүүжилт авчихсан байдаг. Оруулсан хөрөнгө оруулалтыг яаж авах вэ гээд бөөн асуудал тавигдаж байна. Ийм учраас нийслэл Барилга хот байгуулалтын яамтай хамтраад ард нь гарна. Нийслэлийн иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал учраас 21 айл хүнд байдалд байгаагаас нэг нь өргөдөл өгсөн юм байна, манайд. Тийм учраас түрээсийн байранд хамруулахад анхаарал хандуулъя, ийм хүмүүсийг хотод ханд гэж зөвлөх байна.

Улаанбаатар хотын хэмжээнд бага сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр барихаар болсон нэг компани бий, 72 байршилд нэгэн зэрэг ажлаа эхлүүлнэ гэсэн. Итгэл үнэмшил муутай байсан учраас шүүхэд хандсан. Гэхдээ Засгийн газраас нөхөн төлбөр шаардсан учраас шүүхийн шатанд эвлэрсэн. Өмнөх удирдлагын үед шийдсэн асуудал. Гэхдээ буцах боломжгүй, үргэлжлүүлнэ. Одоогоор 10 газар шийдэгдсэн байгаа. Гэр хорооллын төв хэсэгт цэцэрлэг барихад 3-4 айлын хашаа чөлөөлөх шаардлагатай байдаг.

Газар чөлөөлөлтийн зардлыг хотоос гаргаад явна. Жил бүрийнхээ төсөвт хөрөнгө суулгадаг. Энэ жил 5 тэрбумыг газар чөлөөлөлтөд зарцуулна.

Зураг