Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын шинэ дайн эхлэхэд ойрхон байгааг Хятадын гадаад хэргийн сайд анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-Хойд Солонгосын хоорондын зөрчил оргилдоо хүрч, Солонгосын дайны шинэ хувилбар хэзээ ч эхлэхэд бэлэн болоод байгааг Хятадын гадаад хэргийн сайд өчигдөр буюу Баасан гарагт анхааруулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын асуудлыг дангаар шийдэхэд бэлэн гэдгээ зарласны дараа Хойд Солонгос хариу цохилт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэнээр Солонгосын хойг дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болсон юм. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И “Хэрвээ дайн болвол үр дүнд нь бүгд хохирч, ялагчаар хэн ч тодрохгүй” гэж анхааруулжээ.

Тэр бас “Асуудлыг буцаах боломжгүй түвшинд хүрэхээс өмнө талууд харилцан бие биеэ хэл амаар, үйлдлээр сүрдүүлэх, өдөөн хатгахаа зогсоох”-ыг Вашингтон, Пьёньянд уриалсан байна.

“Хүчээр асуудлыг шийдэх боломжгүй. Шийдэх ганцхан боломж нь яриа хэлэлцээр юм” гэж Ван И бас хэлжээ.

Баасан гарагт Ван И ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай Солонгосын хойгийн асуудлаар утсаар ярьж зөвлөлдсөн байна.

Түүх сөхвөл, 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнд Хойд Солонгос, Америкийн цэргүүд тулалдсан юм. АНУ тэргүүтэй холбоотнууд хоёр Солонгосыг тусгаарлаж байсан 38 дугаар өргөргийн шугамыг давж, нэвтрэх үед Хятад улс цэргээ оруулж, дайнд нэгдэж байв.

ЗХУ энэ үед зэр зэвсгийн болон ложистикийн туслалцааг социалист түншүүддээ үзүүлж байжээ. Дайн маш түргэн өргөжиж, Америкийн 33,000 гаруй, Хойд Солонгосын 400,000 гаруй цэргийн амь үрэгдэж байсан юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар өнөөдөр АНУ-ын Солонгосын хойгт төвлөрүүлээд байгаа зэр зэвсгийн хэмжээ нь ердийн сүр хүчээ үзүүлэх алхмаас хэтрээд байгаа гэнэ.

Өнөөдөр буюу Бямба гарагт Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ойг Пьёньянд тэмдэглэнэ. Энэ үеэр Хойд Солонгосын дэглэм цөмийн зургаа дахь туршилтаа хийж магадгүй байгаа юм. Хэрвээ ийм шинж тэмдэг ажиглагдвал АНУ-ын зэвсэгт хүчин өрсөж цохилт өгөх өндөр магадлалтай байна.

Ван Игийн мэдэгдлийн дараа Хойд Солонгосын нийслэл рүү тогтмол нислэг үйлддэг Хятадын цорын ганц авиа компани Air China нислэгүүдээ түр зогсоосон тухай Хятадын төв телевизийн суваг мэдээлжээ. Компанийн мэдээлснээр тийзний борлуулалттай холбоотой зарим нислэгүүдээ хойшлуулаад байгаа ба Хойд Солонгосын нислэгийг бүр мөсөн зогсоогоогүй гэсэн байна. Нислэг хэзээ идэвхжихийг тус компанийн вэбсайтаар мэдээлнэ гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post