Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ шинэ цөмийн бөмбөг амжилттай туршжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийт Америкийн MOAB цөмийн бус бөмбөгийг байлдааны ажиллагаанд анх удаа хэрэглэснийг сонсоод удаагүй байхад АНУ-ын Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Захиргаа шинэчилсэн грэвити цөмийн бөмбөгийг Невадад амжилттай туршсанаа зарлалаа.

Гуравдугаар сарын 14-нд Невадагийн Тонопа туршилтын талбайд B61-12 бөмбөгийг туршсан болохыг өчигдөр зарласан юм. Туршилтаар уг бөмбөгний цөмийн бус функцүүдийн ажиллагаа, F-16 байлдааны онгоцноос хаях боломжийг шалгасан гэжээ.

B61-12 бол B61 грэвити бөмбөгний шинэчилсэн хувилбар. Америкийн агаарын хүчний гол цөмийн зэвсэгт тооцогддог. Грэвити гэсэн нь онгоцноос хаяж, татах хүчний тусламжтай байндаа буулгадаг гэсэн утгатай нэр юм. Америкийн цөмийн зэвсгийг хэрэглэх гурван гол арга нь энэхүү онгоцноос хаяхаас гадна тив хоорондын баллистик пуужингаар хуурай газраас болон далайд шумбагч онгоцноос харвах ажээ.

B61-12 бөмбөгөөр одоо зэвсэглэлд байгаа B61-ийг солих зорилготой гэдэг. 2015 онд B61-12 бөмбөгийг онгоцноос буулгах туршилтыг гурван удаа хийсэн юм.

Энэхүү шинэ бөмбөгийг 2018 оны есдүгээр сар хүртэл хуваарийн дагуу туршиж дуусгаад 2020 оноос үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Ажиглагчдын дүгнэж байгаагаар өөрөө нэр холбогдож, хэвлэл мэдээлэл, олон нийтэд шүүмжлүүлэхээс зугтсан ерөнхийлөгч Дональд Трамп генералуудад зэвсэг турших эрх мэдлийг өгөөд байгаа нь урьд гүйцэтгэхэд төвөгтэй байсан зүйлсээ хэрэгжүүлэх алтан боломжийг армид олгоод байгаа гэнэ.

Үүний нэг илрэл нь Пүрэв гарагт Афганистанд террористуудын эсрэг MOAB бөмбөгийг анх удаа хэрэглэсэн явдал юм.

 

Эх сурвалж: Russia Today