Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны Кирилл үсгээс Латин үсэгт шилжих болсон шалтгаан

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ долоо хоногийн эхээр улс орныхоо цагаан толгойг кирилл үсгээс латин үсэгт шилжүүлэх төлөвлөгөө гаргахыг засгийн газартаа даалгасан.

2018 оны сүүл гэхэд бэлтгэл ажил нь дуусах ёстойг тэрээр өөрийн бичсэн нийтлэлдээ өгүүлсэн байна. Энэ бол Назарбаевын дэвшүүлсэн Казахстаны шинэ стратеги төлөвлөгөөний нэг хэсэг нь ажээ.

Оросын соёлын нөлөөнөөс тусгаарлах алсын бодолтой гэгдэх энэхүү санааг Назарбаев анх 2012 онд гарган тавьж, 2025 он гэхэд латин үсэгт бүрэн шилжих тухай зарлаж байв.

Сүүлд гаргасан түүний нийтлэлд “2025 он гэхэд манай бүх албан бичиг, сонин хэвлэл, ном, сурах бичгүүд Латин үсэгт суурилсан бичгээр солигдох ёстой” гэжээ.

Харин кирилл үсэг нь шилжилтийн үед хэсэгтээ зэрэг хэрэглэгдэх юм байна. Зөвлөлт Холбоот Улс анх 1929 онд үндэсний цөөнх болдог муслим хүн амын хэл бичгийг арабаас латин руу шилжүүлж байсан юм. Дараа нь 1940 онд Латин үсгийг Кириллээр сольсон түүхтэй.

2012 оны Назарбаевын мэдэгдэл Москваг нэлээд бухимдуулж байсан юм. Оросын хэвлэлүүд энэ санааг геополитикийн шинжтэй өөрчлөлт гэж үзэн хүчтэй шүүмжилж байсан бол Назарбаев болон Казахстаны гадаад хэргийн сайд Ерлан Идрисов нар хамгаалсан мэдэгдэл хэд хэдэн удаа хийж байжээ.

2013 оны нэгдүгээр сард Казах-Оросын сансрын хамтын ажиллагааны уулзалтын дараа Идрисов хэлэхдээ “латин үсэгт шилжих төлөвлөгөө нь ямар нэг далд бодлого, геополитикийн шилжилт хийх санаа агуулаагүй” гэж мэдэгдэж байв.

“Энэ бол эртнээс төлөвлөсөн ажил бөгөөд бид удаан хугацаанд энэ талаар ярьж байгаа” гэж Идрисов Сергей Лавровтой уулзсаныхаа дараа ярьж байжээ. Гэхдээ Назарбаевын шинэ стратеги нь Казахстан улсын бүрэн бүтэн байдал, хүчин чадлыг бататгах зорилготой нь тодорхой.

Казахстан улс Оростой 7,000 орчим километр урт шугамаар хил залгадаг, Орос хэлээр ярьдаг хүн ам олонтой. Тэд нь Москватай соёлын гүн харилцаатай байдаг.

Хэдийгээр Назарбаев хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудыг нэгтгэсэн Евразийн эдийн засгийн холбооны нэг санаачлагч мөн боловч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Казахстанд улс төрийн нөлөөллөө хадгалах бодлоготой тулгардаг нь ойлгомжтой.

2014 онд Москва Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн нь орос хэлтэй хүн ам голлон суудаг Казахстаны хойд хэсгийг мөн ийм аргаар булаах вий гэсэн айдсыг 17 сая хүн амтай энэ оронд бий болгосон юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty