Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд дахин Сирид халдахгүй гэж Москвад амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сирийн засгийн газрын Шайрат агаарын баазад өгсөн шиг цохилтыг дахиж хийхгүй байхаар Москва, Вашингтон хоёр тохиролцсоныг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр хэлжээ.

Энэ талаар Лхагва гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны Москвад хийсэн уулзалтын үеэр хөндөж ярьсан гэдгийг Лавров баталсан байна.

Сирийн гадаад хэргийн сайд Валид Муаллемтай уулзахын өмнө Лавров “Бид энэ асуудлаар АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай дэлгэрэнгүй ярилцаж, дахин ийм халдлага гаргахгүй байх талаар өчигдөр тохиролцсон” гэж мэдэгджээ.

Тэрээр цааш нь ярихдаа Сирийн агаарын баазад өгсөн АНУ-ын пуужингийн цохилтыг “хэтэрхий өдөөн хатгасан” ажиллагаа гэж тодорхойлсон байна.

Үүнээс гадна хоёр орон Сирийн хямралыг зөвхөн улс төрийн яриа хэлэлцээрээр шийднэ гэдэгт санал нэгдсэн гэжээ.

Сирийн засгийн газар өөрийн Идлиб мужид химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийг Москва баримт нотолгоогүй, үндэслэлгүй гүтгэлэг гэж үзэж байгаагаа Лхагва гарагт мэдэгдсэн юм.

Лавров бас Москва-Вашингтоны харилцааг сайжруулах зорилготой экспертүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар АНУ-тай тохиролцсон гэж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today