Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ анх удаа хамгийн том, цөмийн бус бөмбөгийг Афганистанд хэрэглэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ өчигдөр орой GBU-43/B Massive Ordinance Air Blast Bomb (MOAB) хэмээх бөмбөгийг анх удаагаа байлдааны ажиллагаанд хэрэглэлээ. “Бүх бөмбөгийн эх” гэж нэрлэгддэг, цөмийн бус зэвсэг дотор хамгийн томд тооцогдох энэхүү бөмбөгийг Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужийн Ачин тойрогт онгоцноос хаясан байна.

9,500 орчим килограм жинтэй бөмбөгний учруулсан хохирлыг Пентагон одоо тооцоолж байгаа юм. 2003 онд Иракийн дайны үед зохион бүтээсэн бөмбөгийг Афган дахь Исламын улс бүлэглэлийн газар доорх байгууламжууд, нуувч, хонгилуудыг сүйтгэх зорилгоор хэрэглэжээ.

Улаанбаатарын цагаар 23:00 цаг орчимд MOAB бөмбөгийг онгоцноос хаясан байна. Ингэснээр АНУ, Афганий арми цэргийн ажиллагааг явуулж, Ачин тойргийг террористуудаас цэвэрлэхэд том дэмжлэг болох гэнэ.

Энэ бүс нутагт Исламын улс бүлэглэлийн Корасан нэртэй салбар томоохон бэхлэлт байгуулж, хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа бөгөөд өнгөрсөн Бямба гарагт энд Америкийн цэргийн албан хаагч амиа алдсан юм.

Корасан нь Исламын улс бүлэглэлийн Афганистан, Пакистан, Узбекистаныг хамарсан салбар гэгддэг.

MOAB бол газар доорх байгууламжуудад цохилт өгөх зориулалттай бөмбөг хэдий ч хэдэн зуун метрийн радиус дотор байгаа хүмүүсийг шууд хөнөөдөг. Дэлбэрэлтийн орчимд байгаа хүнд энэ нь цөмийн бөмбөг дэлбэрсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. GPS-ээр удирдагддаг MOAB бөмбөгийг Пентагон нэг бүрийг нь $16 саяын өртгөөр 15 ширхгийг үйлдвэрлээд байгаа.

Бөмбөг дэлбэлэхээс өмнө энгийн иргэдийг өртөхөөс сэргийлэх арга хэмжээг авсан гэдгээ Пентагон мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бөмбөгийг хэрэглэх эрхийг армийнханд өгсөн гэдгээ хэвлэлд ярьжээ. Түүнээс энэхүү цохилт нь Хойд Солонгост давхар анхааруулга өгөх зорилготой эсэхийг асуухад Трамп “Анхааруулга болсон эсэхийг би мэдэхгүй. Ер нь өгсөн, өгөөгүй нь надад хамаагүй” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Russia Today