Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн клубт 82 настай эмээ DJ хийдэг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Японы нийслэл Токио хотын Шинжүкү дүүрэгт орших DecabarZ шөнийн клубт 82 настай Сүмико Ивамуро гуай сард нэг удаа ирж үйлчлүүлэгчдийг нь баясгадаг.

Тэрээр Японы хамгийн өндөр настай DJ гэгддэг ба DJ Сүмирок гэх нэрээрээ алдаршжээ. Ивамуро гуайн эцэг жазз бөмбөрчин байсан нь түүнийг хөгжимд дуртай болоход нөлөөлсөн гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэр хүмүүст мэдэгдэхгүйн тулд чанга яригчаа дэрээр таглаж байгаад жазз хөгжим сонсдог байсан нь дайсныхаа хөгжмийг сонсож байгааг хүмүүст мэдэгдүүлэхгүй гэсэн арга байжээ.

19 насандаа гэр бүлийн шарсан баншны ресторанд ажиллаж эхэлсэн Ивамуро гуай амьдралынхаа 50 жилийг хоол хийж өнгөрөөсөн байна. Сүүлд 70 настай байхад хань нь өнгөрсний дараа тэр хөгжмийн сургуульд суралцаж, DJ болжээ. Хожим франц продюсертай танилцсанаар клубт тоглох болсон байна.

Ивамуро гуайн уран бүтээл үндсэндээ техно хөгжим боловч түүнийгээ жазз, франц шансон, сонгодог хөгжимтэй хольж сонирхолтой бүтээл туурвидаг гэнэ.

Түүний үйлчлүүлэгчид өөрөөс нь 60 орчим насаар залуу хүмүүс байдаг. Насаараа хоол хийсэн Ивамуро гуай хоол хийх, DJ хийх хоёр үндсэндээ адилхан, амттай хоол хийсэн нь хүмүүсийн царайнаас шууд мэдэгддэг бол сайн уран бүтээл хийснийг хүмүүсийн баяр хөөрөөс бас шууд мэдэж болдог гэжээ.

Япон улсад хүн амын наслалт өндөр болсноос 2015 оны байдлаар 26.6 хувь нь 65-аас дээш настай болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters