Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос цөмийн туршилтад бэлдэж байж болзошгүйг хиймэл дагуулын зураг харуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампын дайсагналд хариу барихын тулд Хойд Солонгос цөмийн туршилтад бэлдэж байж болзошгүйг хиймэл дагуулаас авсан зурагнууд харуулж байна.

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 38 North ажиглалтын бүлэг Хойд Солонгосын Пунгири туршилтын талбайд үйл ажиллагаа идэвхжиж байгааг мэдээлжээ. Энэ нь 2006 оноос хойш зургаадахь удаагаа цөмийн туршилт хийж магадгүй болсныг харуулж байна.

“Хойд Солонгосын Пунгири цөмийн туршилтын талбайд дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар хүмүүсийн үйл ажиллагаа идэвхжсэн нь харагдлаа” гэж тус байгууллагын сайтад мэдээлжээ.

Гэвч Өмнөд Солонгосын албаныхан энэ талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа юм. Ёнхап агентлагийн мэдээлснээр Сөүлийн засгийн газрын төлөөлөгч Ро Жэ Чун “Хэвийн биш үзэгдэл одоо болтол харагдахгүй байна” гэж ярьжээ.

Гэхдээ өнөөдөр буюу Пүрэв гарагт Хойд Солонгост байгаа гадаадын сэтгүүлчдийг “том, чухал үйл явдалд” бэлэн байхыг Пьёньян мэдэгдсэн байна. Ирэх Бямба гарагт тохиох улс орны эцэг Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ойг сурвалжлахаар 200 орчим сэтгүүлч Хойд Солонгост ирээд байгаа юм. Тэдний ихэнх нь Япон, АНУ-ын хэвлэлийнхэн байна.

Зарласан үйл явдал нь ямар нэг зэвсгийн туршилт байж магадгүй гэсэн таамаглал байгаа ажээ. Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Бямба гарагийг тааруулан цөмийн зэвсгийн эсвэл пуужингийн туршилт явуулж магадгүй гэнэ.

Сингапурт байрлаж байсан USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгч тэргүүтэй цохилтын бүлэглэлийг АНУ Солонгосын хойгийн орчимд илгээгээд байгаа. Уг бүлэглэл замдаа Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй хамтарсан сургуулилалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian