Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Сант" сургуулийн МЭДЭГДЭЛ

ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бүрэн цутгамал” ХХК нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа “Сант” сургуулийн нэр хүндэд халдсан мэдээ захиалгаар гаргаж, хэвлэлийн хурал зарлаж, жагсаал цуглаан хийж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

“Бүрэн цутгамал” ХХК болон “Сант” сургуулийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролтой холбоотой маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байх явцад хэргийн хариуцагч болох “Бүрэн цутгамал” ХХК-ийн зүгээс үнэн бодит байдалд нийцээгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэйгээр түгээж байгаа нь шүүхийн хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх гэсэн хууль бус оролдлого гэж үзэж байгаа бөгөөд энэхүү үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

Мөн “Бүрэн цутгамал” ХХК-ийн албан ёсны хаяг байршлыг өөрчилж, шүүхээс эрэн сурвалжлуулах, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах зэргээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгааг зогсоохыг шаардаж байна.

“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг хаяж явж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ дүгнэлт хийж, хариуцлага хүлээхийн оронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн нэр хүндийг өсгөх, бусдын нэр хүндийг гутаах ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байна.

Иймд хоёр байгууллагын хооронд үүсээд байгаа маргааныг шүүхийн танхимд хуулийн дагуу мэтгэлцэж, шударгаар шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг шаардаж байна.

 

"САНТ" СУРГУУЛЬ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.