Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ОУВС-гийнхан хөтөлбөр баталсны дараа 850 сая ам.долларын зээлийн агуулгыг ярина"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж хоёр улсын улс төр, эдийн засаг, стратегийн түншлэлийн хэлэлцээр болон ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгох 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн асуудлаар мэдээлэл өглөө.

Элчин сайд Масато Такаока ажлаа аваад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. 2017 оны гуравдугаар сарын сүүлээр УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй өндөр дээд хэмжээний айлчлалын баг Япон улсыг зорьсон билээ. Энэ айлчлалын зорилго биелж, өндөр түвшний гэрээ хэлэлцээрүүд амжилттай болсон нь Элчин сайд Масато Такаокагийн хувьд нэр хүндийн хэрэг гэдгийг илэрхийллээ.

Уг айлчлалаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Япон улсын Гадаад хэргийн сайд Ю.Кишида нар Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлэхээр гарын үсэг зуржээ.

Элчин сайд Масато Такаока энэ талаар 45 жилийн тэртээ Монгол, Японы харилцаа ийм өндөр түвшинд хүрнэ гэж төсөөлөхөд хэцүү байсан болов уу. УИХ-ын даргын айлчлалын хүрээнд болсон гол үйл явдал бол Стратегийн түншлэлийн дунд хугацааны буюу 2017-2021 онд хэрэгжих хөтөлбөр юм.Уг хөтөлбөр нь өргөн хүрээг хамарч байгаа. Тухайлбал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл, ард иргэдийн харилцаан дахь хамтын ажиллагаа зэрэг юм. Хоёр гадаад хэргийн сайд хоёр орны харилцааг харилцан ашигтай бөгөөд стратегийн түвшинд хүргэхээр тохиролцсон” гэв.

"Дадлагажигчдын  хөтөлбөрийн хамрах хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа"

 
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгүүлчид Элчин сайдаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх санхүүгийн тусламж, Япон улсад ажиллах хүчин гаргах асуудлаар тайлбар авлаа.

-Япон улс руу дадлагажигч ажилтан, мэргэжилтэй ажиллах хүч гаргах ажил хэзээнээс эхлэх вэ?

-11 дүгээр сард Японы шинэ хууль батлагдсан. Шинэ хууль батлагдсанаас хойш 1 жилийн дараа энэ хөтөлбөр шинэ тогтолцоогоор хэрэгжиж эхлэх юм. Өөрөөр хэлбэл 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Уг хуулинд хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, яаж хянах вэ гэдгийг заасан байгаа.

Миний ойлгож байгаагаар бол хяналт сайн байвал 3-5 жил хүртэл хугацаанд дадлага хийж болно. Мөн дадлагажигчдын  хөтөлбөрийн хамрах хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Одоо хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд шаардлагатай зохицуулалтыг хийх гэрээ, хэлэлцээ явагдаж байна.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгох 850 сая ам.долларын санхүүжилтийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэж УИХ-аас мэдээлсэн. Энэ мөнгийг ямар төслүүдэд зориулан олгох вэ, мөн санхүүжилтийн давтамж ямар байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад жинтэй тусамж үзүүлэхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийлсэн. Японы талаас үзүүлэх тусламжийн агуулгыг ОУВС-гийн захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсны дараа хэлэлцэх болно. Мэдээж Монгол Улсын эрэлт хэрэгцээг тухайн үед нь харгалзана.

ОУВС-гаас тус хөтөлбөрийг баталсны дараа Монголын талын холбогдох байгууллагуудтай яриа, хэлэлцээ хийх байх.

-Стратегийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Японы талаас V цахилгаан станцыг ажлыг эхлүүлэх, шинэ төмөр замын ажлыг эхлүүлэх үү?

-V цахилгаан станцын хувьд анх батлагдсан гэрээ хэвээрээ байгаа. Гэхдээ энэ хувийн хэвшлийн байгууллагуудын асуудал юм. Монгол Улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай нөхцөл бүрдүүлэх нь маш чухал шүү.

Төмөр замын талаар санал бодлоо солилцох яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно.

-Япончууд манай улсад үзүүлж буй зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй төслөө өөрсдөө хариуцаж, хяналт тавьж гүйцэтгэдэг уламжлалтай. Яг үүн шигээ 850 сая ам.долларын зарцуулалтыг манай талын саналаас гадна Япончууд өөрсдөө санал гаргаж зарцуулалтыг нь хянах боломж бий юу?

-ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсны дараа Япон улсын зүгээс тусламжаа хэрхэн үзүүлэх вэ гэдгээ ярина. Тийм болохоор энэ талаар нарийн ширийн зүйл ярих боломжгүй байна.

Япон улсаас үзүүлж буй тусламж ОУВС-гийн багц хөтөлбөрийн дотор орж байгаа. Тийм учраас ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах нь эхлээд чухал юм. Үүнтэй холбогдоод Монгол Улсын зүгээс нэн түрүүнд төсвийн тодотголыг хэлэлцэж батлах хэрэгтэй.