Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн шийдвэр биелүүлээгүй ЗГ-ыг ахин ШҮҮХЭД ӨГӨХӨӨР болжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
 

Хүүхэд хамгаалах Үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг Үндэсний сүлжээ болон хүүхдийн эрхийн төлөөр ТББ-уудаас өнөөдөр хурдан морины унаач хүүхдүүдийн эрхийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ хавар зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд 50 гаруй хүүхэд мориноосоо унаж, Ховд аймгийн Дөргөн суманд 11 настай хүү амиа алдсан харамсалтай явдал болсон.

Засгийн газар 2017 оны хоёрдугаар сарын 22-ны 63 дугаар тогтоолдоо гуравдугаар сарын 5, 12-ны өдөр бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулахыг хүлээн зөвшөөрсөн билээ. Тухайн үедээ иргэний нийгмийн байгууллагууд хамтран Засгийн газрыг шүүхэд өгсөн. Шүүхээс “хурдан морины уралдааныг шүүхийн эцсийн шийдвэр гартал зохион байгуулахгүй байх, хойшлуулах”-ыг Засгийн газарт даалгасан ч шүүхийн шийдвэр биелж чадаагүй.

Шүүгчийн захирамжинд Засгийн газар Давж заалдах шатанд гомдол гаргасан ба анхан шатны Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээсэн байна. Тиймээс дээрх байгууллагуудаас шүүхийн шийдвэр биелээгүй тул нэхэмжлэлээ өргөжүүлж, хариуцлага нэхэх гэж байгаа юм байна. 

Мөн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтыг шинэчлэн найруулсан тухай мэдээлэл байгаа бөгөөд энэхүү жагсаалтыг яагаад шинэчлэх болсон үндэслэлийг тайлбарлах ёстой гэж үзжээ. Хууль зүйн яаманд уг жагсаалт шинэчлэн бүртгэгдээгүй байгаа учраас шүүхийн шийдвэр хуучин жагсаалтыг үндэслэн биелэх ёстой гэв.

П.Цэвээн: Хүүхдийн өмнө УИХ-аас эхлээд иргэн бүр үүрэг хүлээсэн байдаг

 

Хүүхэд хамгаалах Үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн энэ асуудлаар “Бид одоо нэхэмжлэлээ өргөжүүлэх гэж байгаа. Шүүхийн шийдвэр яагаад биелээгүй вэ, Засгийн газартай хэн хариуцлага тооцох вэ гэх мэт олон асуудал байна. 

Ер нь хүүхдийн өмнө УИХ-аас эхлээд иргэн бүр үүрэг хүлээсэн байдаг. Хүүхэд зөвхөн эрх эдлэгч. Тийм учраас хүүхдийн өмнө үүрэг хүлээж байгаа хүн, албан тушаалтан болгоноос хариуцлага нэхэх тухай асуудлыг бид ярина. Орон нутгийн засаг дарга, нийгмийн ажилтан байна уу ялгаагүй. Эдгээр хүмүүс хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд төрөөс үүрэг хүлээсэн. Яагаад үүнийг зогсоож чаддаггүй юм бэ.

Иргэний байгууллагуудаас хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг Төр хамгаалаач гэдэг асуудлаар шахалт үзүүлж, үүргээ биелүүлж байна” гэв.

Төр эс үйлдэхүйгээрээ хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халдаж, хохирох нөхцлийг бүрдүүлж байгаа учраас “Хүүхдийн эрхийн үндэсний төв”, “Өсвөр үеийн хөгжлийн төв”, “МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ”, “Бүх нийт боловсролын төлөө!” “Иргэний нийгмийн үндэсний сүлжээ” зэрэг хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө зорьж ажилладаг төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, шүүхэд хандах, зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө тэмцэхээ энэ үеэр илэрхийлэв.