Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхбат: Минж бол гүний усны нөөцийг бүрдүүлдэг амьтан

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Минж нутагшуулах, үржүүлэх нэгж хамтран "Минжтэй танилцъя" өдөрлөгийг зохион байгуулж байна.

Минж нь амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм.

Голын эрэг тохой газар суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж амьдардаг энэ амьтан нь Монгол Улсын улаан номын хоёр удаагийн хэвлэлд ховор зүйл зэрэглэлээр бүртгэгдээд байгаа. Байгаль эко системийн аврагч гэж нэрлэгддэг минж одоогоос 15 сая жилийн өмнө үүссэн түүхтэй. Иймд Евроазийн минжийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд таниулах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж.

 

МУИС-ийн багш, биологийн ухааны доктор С.Шар "Нийслэлийн Засаг даргын зүгээс Туул голоо хамгаалахад анхаарлаа хандуулж буй ажлуудын нэг нь "Минж нутагшуулах" санаачлага юм. Тэгээд Монголын бүх амьтан судлаачид ярилцсаны үндсэн дээр гаднаас минж авчраад Туул голд тавих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Тийм учраас бид Герман, ОХУ-аас минж авчирж Туул голд нутагшуулах ажил эхэлж амжилттай явж байгаа.

Одоогоор байгальд 20 гаруй минжийг суллаж тавьсан байна. Үржүүлгийн төвд одоогоор 40 гаруй минж байна. Жил болгон минжийг бага багаар тавьж Туул голыг минжтэй болгох зорилго тавьж байна. Минжтэй болгож буйн ач холбогдол нь юу гэхээр минж голын экосистемийн орчныг сайжруулахад, чийгшүүлэхэд нөлөөтэй амьтан юм" гэлээ.

Оросын жуулчин П.Козлов Монгол оронд Минж байдаг тухай анх 1876 онд өөрийнхөө бүтээлд бичиж байжээ. Хожим 1889-1901 оны хооронд П.Козловын баг бүрэлдэхүүн Булган гол Минж амьдардаг болохыг олж тогтоогоод дэлхий нийтэд мэдээлжээ. Одоогоор Монголд Булган гол, Ховд гол, Тэсийн голуудад нийтдээ 200 гаруй толгой минж байгаа тухай судлаачдын мэдээлэл байдаг аж.

М.Энхбат: Минж мод иднэ, тэр мод нь дараа жил нь дахиад л ургачихна

 

Минж үржүүлэх, нутагшуулах нэгжийн захирал М.Энхбат "Минж нь ус-хуурай газрын амьдралтай, бүлээрээ амьдардаг онцлогтой, гүний усны нөөцийг бүрдүүлдэг амьтан. Минж ихээр байгальд тавьбал модгүй болно гэсэн яриа байдаг. Тийм зүйл байхгүй. Минж мод иднэ, тэр мод нь дараа жил нь дахиад л ургачихна. Мөн минжний хийсэн нуувч, үүрэн дор загас үржихдээ их арвин байдаг. Намагшсан хэсэгт нь ургамал их ургадаг. Энэ нь эргээд хандгай, бугын хоол болдог . Нэг ёсондоо байгалийн зоопаркийг үүсгэдэг амьтан юм.

Минжний биеийн урд хэсэг нь мэрэхэд зориулагдсан, хойд хэсэг нь усанд сэлэхэд зориулагдсан. Сүүл нь бол тулгуур эрхтэн, сэлүүр болж өгдөг. Ямарваа нэгэн аюул тохиолдоход сүүлээрээ усанд цохиж бусаддаа мэдээ өгдөг" хэмээн тайлбарлалаа.

 
Минж нь хавар 3-4 сард нийллэг болж, 6-7 сард дунджаар 2-3 төл гаргадаг байна. Минжний төл нь эхээс төрөхдөө 3-5 кг жинтэй байдаг. Минжний эмийг минжүүхэй, эрийг борхин, төлийг нь дүдэр гэж нэрлэдэг аж. Усан дотор 15-20 минут амьсгал авалгүй гүнд нь сэлж чаддаг.
 
Дулааны улиралд ногоон ургамлаар, хүйтний улиралд бургас, улиас зэрлэг модлог ургамлын хальсаар хооллодог амьтан юм. Байгаль дээр дунджаар 8 орчим жил наслах боловч зарим нь 15-20 наслах тохиолдол байдаг байна.

Өнөөдрийн "Минжтэй танилцъя" өдөрлөг нь Баянзүрх дүүргийн Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүд, Амгалан цогцолбор сургуулийн хүүхдүүд болон бусад иргэдэд нээлттэй явагдаж мэдлэг, мэдээлэл өглөө.