Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

THAAD-ийн эсрэг Хятад улс Өвөр Монголд шинэ радарын систем суурилуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойг, Японы арлыг бүхэлд нь хянах чадвартай буюу 3,000 км зайнд хүрч ажиллах чадвартай радарын системийг Өвөр Монголд байрлуулсан тухай Хятадын хэвлэлүүд Даваа гарагт мэдээлж эхэллээ.

Энэ нь Өмнөд Солонгост байрлах АНУ-ын THAAD пуужингаас хамгаалах системийн эсрэг авсан хариу арга хэмжээ бололтой.

THAAD системийг өөрийнх нь газар нутагт тагнуулын ажиллагаа явуулах боломжтой гэж Бээжин үзэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Харин Өмнөд Солонгос ба АНУ үүнийг зөвхөн Хойд Солонгосын довтолгооноос хамгаалах зорилготой гэж тайлбарладаг.

Хэвлэлд мэдээлж байгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын арми OTH (Over The Horizon) төрлийн радарыг Өвөр Монголд суурилуулсан байна.

Зөвхөн атмосферт радио сигнал дамжуулж, бүртгэдэг уламжлалт системээс ялгаатай нь OTH төрлийн радар дэлхийн бөмбөрцгийн ионосферийн (гадаргаас 100-450 км өндөрт) давхаргад сигнал нь ойж тархдаг. Тиймээс хамрах хүрээ нь 3,000 км хүрдэг юм байна.

Харьцуулбал THAAD систем одоогоор 800 км зайнд ажилладаг ба програмыг нь шинэчилснээр зайг нь нэмэгдүүлж болдог гэнэ.

Шинэ радар Солонгосын хойг, Японыг хамраад зогсохгүй, тагнуулын хиймэл дагуулын тусламжтайгаар Номхон далайн баруун хэсгийг хянах чадвартай ажээ.

Энэ нь бас Хятадын хоёр дахь OTH төрлийн радар. Анхных нь Хубэй-Хэнань-Аньхуй гурвалжинд суурилагдсан байгаа юм.

 

Эх сурвалж: Chosun Ilbo