Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Намын шарилыг авах 3 долоо хоногийн хугацааг гэр бүлд нь өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Малайзийн эрүүл мэндийн сайд мэдэгдэл хийж, Ким Жон Намын гэр бүлийнхэнд талийгаачийн шарилыг гурван долоо хоногийн дотор авах хугацаа өгч байгаагаа зарлажээ.

Малайзийн тал өнөөдрөөс яг нэг сарын өмнө (хоёрдугаар сарын 13) Ким Жон Намыг Куала Лумпурын нисэх буудалд “VX nerve agent” хэмээх химийн хориотой бодисоор хордуулж алсныг мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын тал энэ дүгнэлтийг эсэргүүцэж байгаа юм. Тэд хохирогчийг Ким Жон Нам биш, Ким Чол хэмээх нэртэй өөр хүн гээд зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдэгдэж байв.

Гэр бүлийнхнийх нь хүсэлтийг хүлээж авсны дараа Малайзийн засгийн газар цаашид яахаа шийдэх гэнэ.

Талийгаачийг Ким Жон Нам мөн болохыг батлахын тулд хүү Ким Хан Солоос ДНХ дээж авсан байж болзошгүй байна. Мөн Японы талд хадгалагдаж байсан хурууны хээ зэрэг мэдээллийг ашигласан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Ким Жон Нам 2001 онд хуурамч паспортоор Японд нэвтрэх гэж оролдох үедээ саатуулагдаж, хурууны хээгээ үлдээж байсан гэнэ.

Хэдийгээр Малайзийн тал Хойд Солонгосыг аллагад шууд буруутгаагүй байгаа ч Ким Жон Уны дэглэм үүний гол захиалагч нь гэсэн хардлага өргөн хэмжээнд яригдаж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “VX nerve agent” бодис нь тусгай лабораторид гаргаж авдаг бөгөөд Хойд Солонгосыг химийн зэвсгийн арвин нөөцтэй гэдэг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post