Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"G-time"-ийн толгой компаниас мөнгөө буцаан авч болно гэдэг ТАШАА МЭДЭЭЛЭЛ тарсан байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Цагдаагийн Газраас "G-time" сүлжээний бизнесийн хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Ж.Марат Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалттай "G-time" компанийг байгуулж, санхүүгийн пирамид тогтолцооны аргаар бусдыг хууран мэхэлж, ашиг олох замаар хориглосон үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн асуудлыг Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна.  

Шалгалтын явцын талаар Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү “Казахстан улсын иргэн Ж.Маратыг хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарах үед нь цагдаагийн байгууллагаас барьж, саатуулан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ хэрэг дээр Ж.Маратаас гадна компанийн гүйцэтгэх захирал болон бусад хүмүүсийг албадан шалгаж байгаа.

Одоогоор иргэдийн дунд эргэлзээ төөрөгдөл үүсээд байна. Энэ нь “компанийн үйл ажиллагааг дахин сэргээнэ. Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хөтөлбөрүүдийг цаашид хэвийн үргэлжлүүлнэ. Цалинг хэвийн олгоно. Толгой компанид гомдлоо гаргавал мөнгөө буцаан олж авч болно. Цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан тохиолдолд мөнгөө олж авч чадахгүй” гэсэн буруу ташаа мэдээлэл иргэдийн дунд тарсан.

Энэ бол буруу ташаа мэдээлэл гэдгийг Цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна. "G-time" компанитай холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллага дээр эрүүгийн хэрэг үүсгэж, бүх талаас нь шалгаж байгаа.

Иймээс иргэдийг Мөрдөн байцаах газар дээр ирж, энэ талаарх өргөдөл гомдлоо гаргаж, шалгуулаарай гэж хүсч байна. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон байгаа учраас цаашид дахин үйл ажиллагаа нь сэргэнэ, хөтөлбөр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэсэн ойлголт байхгүй.

Хэргийг тал бүрээс нь шалгаж, тогтоосны дараа хэн хэн буруутай болон хэн хэчнээн төгрөгөөр хохирсон гэдэг асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ” хэмээн тайлбарлалаа.