Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Улсын аварга фермер”-т шагнал гардуулав

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр “Улсын аварга фермер”-ээр шалгарсан “Нионшэль” ХХК-д өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй шагналыг нь гардуулан өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат болон албаны бусад хүмүүс байлаа.

Улс орондоо өндөр чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулж, хөдөлмөр бүтээл, арга туршлагаараа манлайлсан “Нионшэль” ХХК-ийн захирал Т.Далантайд “Улсын аварга фермер”-ийн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг нь гардуулан өгсөн юм.

2009 онд тахианы фермийн чиглэлээр байгуулагдсан “Нионшэль” ХХК өнөөдөр 42 мянга гаруй өндөглөгч шувуутайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өдөрт 36-38 мянган ширхэг өндөг үйлдвэрлэж, нийслэлчүүдийнхээ болон орон нутгийн хэрэгцээнд нийлүүлдэг аж. Энэ компанийн хөдөлмөрч хамт олон 2014 онд “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарч байжээ.

“Нионшэль” ХХК-ийн захирал Т.Далантай хэлэхдээ “Энэ хүндтэй шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш бүтээн байгуулалтын ажлыг дэс дараатай хийж ирсэн. Үүний нэг хэсэг нь Итали улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрмжийг үйлдвэртээ нэвтрүүлж, өргөтгөл хийгээд байна. 2017 онд дахин 60 мянган шувууны байр барьж, тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байгаа” гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.