Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дайн зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр

Өөрийнх нь сонгуулийн сурталчилгааны үеэр болон тангараг өргөснөөс нь хойш сөрөг мэдээлэл цацаж байсан мэдээллийн сувгуудад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайн зарлалаа.

Өчигдөр буюу Баасан гарагт Цагаан ордон нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөрийн хэвлэлийн бага хуралд оруулахыг хориглосон байна. Хориглогдсон сувгууд нь CNN, BBC, The New York Times, LA Times, New York Daily News, Buzzfeed, The Hill, Daily Mail юм.

Эдгээрийн оронд Цагаан ордонд нэвтрэх шинэ сувгуудыг мөн зарлажээ. Шинээр зөвшөөрөгдсөн сувгууд нь хэт барууны нийтлэлийн бодлоготой гэгддэг Breitbart News, One America News Network, The Washington Times байгаа юм.

Гол мэдээллийн хэрэгслүүдээс ABC, CBS, NBC, Fox News, Reuters, Bloomberg ордонд сурвалжлах эрхтэй үлджээ.

Харин Associated Press, Time Magazine, Wall Street Journal, USA Today сувгууд энэхүү шийдвэрийг эсэргүүцэн бойкот хийж, сурвалжлах эрхээсээ татгалзсан байна.

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт дээрх хар жагсаалтад орсон хэвлэлүүдийг твиттер хуудсандаа “хуурамч мэдээлэл тараагч”, “Америкийн ард түмний дайсан” гэж цоллож байв.

Цагаан Ордны Сэтгүүлчдийн Холбоо ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцэхээ мэдэгдээд байна. Тэд энэхүү явдлыг “Цагаан ордны түүхэнд, аль ч намын, аль ч ерөнхийлөгчийн үед тохиолдож байгаагүй зүйл” гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Korea Times