Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японд “Урамшууллын Баасан гараг” хэрэгжиж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ачаалал ихтэй ажилладаг иргэдээ ажлаас нь бага ч гэсэн чөлөөлөх хөдөлгөөн Японд хэрэгжиж эхэллээ. Энэ хөдөлгөөний эхний ажил нь “Урамшууллын Баасан гараг” буюу сар бүрийн сүүлийн Баасан гарагт ажлаасаа 15:00 цагт тарж, цагийг өөр зүйлд зарцуулах боломжийг эдлэх юм.

Тэгвэл өчигдөр анхны “Урамшууллын Баасан гараг” тохиолоо.

Ингэснээр Япончууд илүү цаг, мөнгийг өөр зүйлд зарцуулж, энэ нь эргээд эдийн засгийн эргэлтийг нь нэмэгдүүлэх ёстой гэж засгийн газар нь тооцож байгааа юм.

Үдэш орой болтол сууж ажилладаг иргэд энэ өдөр гадуур зугаалж, дэлгүүр хэсэн, идэж уух боломжтой болж байна.

Мөн “мал болтлоо” ажилладаг уламжлалт бизнесийн соёлыг нь өөрчилж, “ажил-амьдралын тэнцвэрийг” хадгалдаг болгоход энэ хөдөлгөөн чиглэж байгаа юм.

Хэт олон цагаар ажилласнаас болж амиа алдсан нэгэн тохиолдлын дараа засгийн газар үүнд хүчтэй анхаарах болсон байна. Өнгөрсөн жил зар сурталчилгааны Дэнцү компанийн 24 настай ажилтан сард 100 цаг илүү ажилласныхаа дараа амиа хорлосон нь нийгэмд дуулиан тарьсан юм.

Японы засгийн газрын уриалгыг тус улсын 155 томоохон компаний хэрхэн хүлээж авсныг Никкей сонины судалгаа харуулжээ. Судалгаанд оролцсон компаниудын 45 хувь нь “Урамшууллын Баасан гараг” загварыг шууд хэрэгжүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа гэсэн бол 37 хувь нь хэрэгжүүлэхээр шийдсэн, төлөвлөсөн гэсэн байна.

“Урамшууллын Баасан гараг” хөдөлгөөн Японы иргэдийн хэрэглээг жилд 63.5 тэрбум иенээр нэмэгдүүлнэ гэсэн тооцоог SMBC Nikko Securities компани гаргажээ.

Гэвч зарим ажиглагчид илүү цагийн хөлс багасах тул хэрэглээнд зарцуулах мөнгө багасна гэж үзэж байна.

Зарим үйлчилгээний байгууллагууд энэхүү Баасан гарагийн урамшууллын цагийг орлогоо нэмэгдүүлэх боломж гэж харж эхэлжээ. Тухайлбал энэ цагт хямдралтай үйлчилгээ үзүүлэх сурталчилгаанууд гараад эхэлсэн байна.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн биеэр үлгэр үзүүлж анхны “Урамшууллын Баасан гарагт” ажлаасаа эрт таран Зен сүмд зочилж бясалгал хийснийхээ дараа концерт үзэх төлөвлөгөөгөө зарлажээ.

Ийнхүү ажилсаг Япончууд ажлаасаа хөндийрч сурах эхний алхмаа хийж эхэллээ.

 

Эх сурвалж: The Guardian