Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Намыг химийн зэвсэгт хэрэглэдэг бодисоор хордуулсныг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Малайзийн цагдаа Ким Жон Намыг “VX nerve agent” гэгддэг, зөвхөн химийн зэвсэгт ашигладаг, маш хортой шингэн бодисоор хөнөөсөн болохыг зарлажээ.

Аллагад оролцсон хоёр эмэгтэйн нэг нь мөн энэхүү бодисонд хордож, бөөлжиж байгааг мөрдөн байцаагч хэлсэн байна. Урьдчилсан шинжилгээгээр хортой бодисыг Ким Жон Намын нүүр, нүд рүү цацсан гэсэн дүгнэлт гарчээ. Уг бодисыг албан ёсоор N-2-Diisopropylaminoethyl Methylphosphonothiolate гэж нэрлэдэг бөгөөд НҮБ-аас бөөнөөр устгах зэвсгийн ангилалд оруулсан байдаг гэнэ.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар хоёр эмэгтэй Ким Жон Намын нүүрэнд хор цацсаныхаа дараа даруй ариун цэврийн өрөөнд орж гараа угаасан байна. Одоо мөрдөгчид ийм хортой бодисыг хэрхэн Малайзийн нутагт нэвтрүүлж, нисэх буудалд хэрхэн оруулсныг шалгаж байгаа ажээ.

Мөн Ким Жон Намын алагдсан нисэх буудлын зорчигчдын танхимыг ариутгах арга хэмжээ авч эхэлсэн байна. Уг бодис нь түргэн замхардаггүй, юмсын гадарга дээр удаан хугацаанд идэвхтэй үлдэж чаддаг ажээ.

АНУ-ын албаныхны мэдээлж байгаагаар VX бодис нь бусдаасаа хамгийн их хортой, арьсанд хүрсний дараа даруй угааж цэвэрлэхгүй бол үхэлд хүргэдэг, зөвхөн химийн дайнд ашигладаг бодис гэсэн байна.

Ийм бодис их хэмжээгээр хүний биед нэвтрэхэд ухаан алдан, татаж, амьсгалж чадахаа больдог тухай мэргэжилтнүүд баталж байгаа юм. VX нь тунгалаг, өнгөгүй шингэн бөгөөд нэг дусал нь л хүний мэдрэлийн системийг гэмтээх чадалтай. Анх 1950-аад оны үед Британид шавьжний эсрэг хорны судалгааны үед гаргаж авсан ч хэт хүчтэй гэж үзээд хориглож байжээ.

Саддам Хусайн энэ хорыг Иран-Иракийн дайнд ашигласан гэж буруутгагддаг. Одоо Сирид мөн хадгалагдаж байж магадгүй гэсэн мэдээлэл бий. Одоогоор дэлхийд зөвхөн АНУ, ОХУ улсууд ийм бодисын нөөцтэй гэдгээ мэдэгдээд байгаа.

Харин Хойд Солонгос химийн зэвсгийн нөөц ихтэй орнуудын тоонд ордог боловч олон улсын Химийн Зэвсгийн Конвенцид нэгдээгүй байдаг ажээ.

Зарим дүрвэгчид Пьёньянийг хүмүүс дээр химийн зэвсэг туршдаг тухай мэдээлж байв.

 

Эх сурвалж: The Guardian