Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп хурлын үеэр өөрийгөө магтуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Америкийн аж үйлдвэрийн салбарын удирдлагуудтай уулзсан ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнхөө гольфийн ур чадварыг харуулсан түүхийг яриулж гайхуулсан байна.

Ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар Цагаан ордонд хуралдаж байсан Трамп хурлын дундуур General Electric компанийн гүйцэтгэх захирал Жэф Иммелд хандаж, өөрөө хэрхэн нэг цохилтоор нүхэнд хийж байсан түүхийг нь бусдад ярьж өгөхийг хүссэн гэнэ.

“Жэф намайг нэг цохилтоор нүхэнд хийхийг харсан” гээд Трамп энэ бахархам түүхийг нь хуралд оролцогсдод ярьж өгөхийг Жэфээс хүссэн байна.

Ингээд Жэф тухайн үед Трамп өөрт нь “Намайг баячуудын дотор хамгийн шилдэг тоглогч гэдгийг мэдэх үү?” гэж хэлснийхээ дараа цохиход нь бөмбөг нүхэнд шууд орсныг дурсан ярьжээ.

Жэф “Ийм гайхамшгийг би өмнө нь харж байснаа ярих ёстой байх” гэж нэмсэн байна.

Хуралд оролцогсод шуугилдаж Трамп ч ийм гайхалтай цохилт хийснээ дахин бахархан ярьжээ.

Үнэндээ Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш амралтын өдөр бүрийг Флорида дахь өөрийн эзэмшлийн гольфийн талбайд өнгөрөөж байгаа юм. Вашингтон-Флорида хооронд долоо хоног бүр зорчих зардал нь ч багагүй мөнгө болж байгаа.

Өмнө нь Барак Обамаг татварын мөнгөөр амралт, гольфийн талбайд зугаацаж байгааг твиттер хуудсандаа шүүмжилдэг байсан Трамп өнөөдөр ярьснаасаа эсрэгээрээ байгааг олон нийт, хэвлэлүүд шүүмжилж эхлээд байна.

 

Эх сурвалж: Russia Today