Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: ХХОАТ, НДШ-ийг нэмэх нь байж боломгүй зүйл гэж бид үзэж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Бид өнөөдөр бүлэг дээрээ хоёр асуудал хэлэлцлээ.

ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудлаар олон нийт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээлэлтэй байх шиг байна. ОУВС-гийн тавьж байгаа нөхцөлд анхаарах зүйл олон байгааг манай гишүүд ярилцлаа.

Хамгийн гол нь ХХОАТ, НДШ-ийг нэмэх нь байж боломгүй зүйл гэж бид үзэж байна.

Төсвийн зарлагад анхаарахгүй орлого тал дээр татвар нэмэх асуудал орж ирсэн нь хамгийн эмзэг.

ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй. Эрх баригчид АН-ын бодлогын алдааг засаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол бодлогын алдаа биш бодлогын зөрүү.

Тэлсэн эдийн засагт төсөв мөнгөний хатуу бодлого барьж болохгүй.

АН эрх барьж байхдаа 1.5 тэрбумыг бондоор босгож байсан. Харин энэ Засгийн газар 5 тэрбум ам.доллар авч байгаа нь 3.6 дахин их байна" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-ОУВС-гийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар арга байгаа вэ?

Д.Э: ОУВС эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед улс орнуудад хэрэгжүүлдэг хөтөлбөр. Гэхдээ ОУВС-гийн ажлын хэсгийн дүгнэлт дээр “Түүхий эдийн үнэ огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт задран унасан нь Монголын эдийн засагт хүн цохилт болсон” гэсэн байна лээ.

Би энэ тодорхойлолтыг зөв гэж бодож байгаа. Манай улс ганцхан уул уурхайгаас хараат эдийн засагтай. Харин өнөөдөр эсрэгээрээ түүхий эдийн үнэ өссөн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж, борлуулалт нэмэгдэж байгаа энэ үед төсвийн сахилга бат, зохицуулалтыг хийвэл энэ хүндрэлээс гарах боломжтой.

Ганцхан зүйл биднийг зовоож байгаа. Энэ нь өмнөх авсан зээлээ төлөх хугацаа тулсан асуудал юм. Харамсалтай нь манай эрх баригчид засаг авсныхаа маргаашнаас эдийн засгийн үнэлэмжээ бууруулах нөхцлийг хийж, олон улсад ГХО нар, санхүүгийн байгууллагуудын итгэлийг алдаж бодитой хүндрэл үүсгэсэн.

-Хөгжлийн банкны асуудлаар танай намын ямар ямар хүмүүсийг шалгаж байгаа вэ?

Д.Э: Чингис бондтой холбоотой асуудлаар манай намын хэд хэдэн хүмүүсийг шалгаж байгаа нь ойлгомжтой байгаа. Манай намын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ч асуудал үүсгэж болзошгүй байгаа.

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт зохион байгуулалттай асуудал үүсгэсэн. 440 сая төгрөгийн ажлын гэрээ хийсэн байхад гэнэт 1.5 тэрбум авсан болгож харагдуулах ажил хийгээд байна. Бид үүнийг хэлмэгдүүлэх гэж хэлээд байгаа. 

-АН-ын засгийн үед авсан бондын зарцуулалт эдийн засагт үр өгөөжөө өгсөн үү?

Д.Э: Өнгөрсөн дөрвөн жилийн бондын зарцуулалт үр өгөөжөө өгсөн юм шүү. Бид асар хүнд эдийн засагт ажилласан ч бүтээн байгуулалт хийж, ажлын байраа хадгалсан. Хийчихсэн юмны төлөө хүн битгий ялла.