Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Намыг алахад оролцсон гэх хоёр дахь эмэгтэйг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг алахад оролцсон гэгдэж байгаа хоёр дахь эмэгтэйг Малайзийн цагдаа баривчилжээ.

Энэ эмэгтэйгээс Сити Айшах гэдэг нэртэй, 1992 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн Индонезийн иргэний паспорт олдсон байна. Паспорт жинхэнэ үгүйг батлаагүй байгаа гэнэ.

Куала Лумпурын олон улсын нисэх буудлын хяналтын камерт дүрс нь үлдсэн уг эмэгтэй өнөө өглөө ганцаар баригджээ.

Өнөөдөр бас Ким Жон Намын аллагатай холбоотой Малайзийн иргэн, эрэгтэйг баривчилсан байна. Өчигдөр цагдаа нар 28 настай, Вьетнамын иргэний бичиг баримттай эмэгтэйг баривчилсан юм. Түүний “LOL” гэсэн бичигтэй цамц бүхий дүрс хяналтын камерт үлдсэн байсан юм.

Даваа гарагийн өглөө Макао руу харихаар нисэх гэж байсан Ким Жон Намыг түргэн үйлчилгээтэй хор ашиглан алсан хэрэгтэй холбогдуулан дахин хэдэн хүнийг хайж байгаагаа Малайзийн цагдаа мэдээлжээ.

Өмнөд Солонгосын тагнуулынхан энэ хэргийг Хойд Солонгосын дэглэмийн захиалгаар өөр хүмүүс үйлдсэн гэж үзэж байна.

Лхагва гарагийн өглөө талийгаачийн цогцсыг хадгалж байгаа Куала Лумпурын эмнэлэгт Хойд Солонгосын дипломат дугаартай Jaguar үйлдвэрийн хар машин үзэгдсэн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Тэднийг Малайзийн талаас Ким Жон Намын цогцост задлан шинжилгээ хийлгүй, Хойд Солонгосын талд өгөхийг шаардсан гэж байгаа юм.

Ким Жон Ун хэзээ нэг өдөр түүний дэглэмийг түлхэн унагаж, Кимийн удмын өөр нэг хүн болох, эцэг нэгтэй ах Ким Жон Намыг нь төрийн эрхэнд гаргахаас айдаг байсан гэх яриа бий.

Тиймээс тэр 2011 онд төрийн эрх мэдлийг авсныхаа дараагаас эхлэн Ким Жон Намыг устгах оролдлого хэд хэдэн удаа зохион байгуулж байсан гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian