Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг, шошгыг нь шалгаж байхыг зөвлөлөө

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хүнсний зах, үзэсгэлэн худалдаануудад шалгалт хийжээ. Шалгалтаар бүтээгдэхүүний хаяг шошго тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг илрүүлжээ. Энэ талаар өнөөдөр НМХГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.

Шалгалтад худалдаа, үйлдвэр үйлчилгээний 82 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч 226 иргэн хамрагдаж 265 зөрчил илрүүлжээ. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн 35 аж ахуйн нэгж, иргэнд 6 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан байна.

НМХГ-ын ХАБХААХ-ийн дарга Д.Энхбат: "Шалгалтын явцад түгээмэл илэрч байгаа зөрчлүүдээс дурьдвал худалдаа үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд, гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хэвийн боов, хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй дуусах хугацааг бичээгүй, хаяг шошго нь хятад хэл дээр бичигдсэн бүтээгдэхүүн худалдаалж байгаа зөрчлүүд нилээдгүй байлаа. Тийм учраас бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахдаа хаяг, шошгоноос нь мэдээллийг нь харж байж худалдан авалт хийхийг иргэддээ анхааруулж байна" гэлээ.

Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнүүд

Юмт бөмбөгөр, Эрдэнэбулган, Барс-2 захын лангуунд БНХАУ, ОХУ-аас импортоор орж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа нь дууссан хар чавга, хатаасан үзэм, ястай чангаанз болон хиам, зайдсыг худалдаалж хүнсний сүлжээнд нийлүүлсэн байна.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэн гэртээ хэвийн боов үйлдвэрлэн өөр аж ахуйн нэгжийн нэр дээр савлан Гандангийн орчимд худалдаалсан зөрчил илэржээ.

 
 
 
 
 

Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 167 дээж, 30 арчдас авч НМХГ-ын Нийслэлийн төв лабораторид шинжлүүлэхэд одоогоор эерэг сорьц илрээгүй байна. Гэвч шинжилгээний хариу гүйцэд гараагүй байгаа аж.

Шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 23 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийж, зөрчлийг арилгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Cap шинийн баярын өдрүүдэд НМХГ-ын газрын даргын баталсан хуваарийн дагуу улсын байцаагчид хариуцлагатай жижүүрээр ажиллана. Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай арга хэмжээг авч ажиллана гэдгийг НМХГ-аас мэдэгдлээ.