Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэмтэн судлаачдыг өвлийн хүйтэнд ОРОХ ОРОНГҮЙ болгож байгаа энэ ажлыг яагаад зогсоохгүй байна вэ?"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг Прокурорын газарт өгөх тухай шийдвэрийг эсэргүүцэж, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өмнөх Засгийн газар 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлэх шийдвэрийг сонгуулийн өмнө яаран гаргажээ.

Дээрх шийдвэрийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар үндэслэлгүй гэж үзсэн учраас 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар 270 дугаар тогтоолоо эргүүлэн татжээ.

Гэвч УИХ-ын сонгууль дөхсөн байсан гэсэн шалтгаанаар Засгийн газар 270 тоот Тогтоолоо хүчингүй болгох шийдвэр гаргалгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан тул тухайн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төлөгдөр байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай асуудал дахин сөхөгдөж, 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Төрийн өмчийн хорооноос байр хүлээн авахаар Ажлын хэсэг иржээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ШУА-ын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хорооны дарга Т.Баясгалан “Энэ асуудал үе үе дахин дахин сөхөгдөж, ШУА-ын 8-р байр буюу Палеонтологи, Геологийн Хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт суллаж өгөх шаардлагыг тавьж, судлаачдын санаа сэтгэлийг алдагдуулж, тайван ажлаа хийх нөхцөлийг нь үймүүлж ирсэн.

ШУА-ын 8-р байрын төр засгийн байгууллагууд эрх мэдлээ ашиглан булаан дээрэмдэх ажил зогсохгүй байна. Ер нь ШУ-ны салбарт чиглэсэн буруу шийдвэрүүүд аль ч нам засгийн үед үе дамжин уламжлан хэрэгжиж байгаад эрдэмтэн судлаачид бид бухимдаж байна. Үүнийг эсэргүүцэж байна.

Юун түрүүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариуг нь 2017 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр авах хугацаатай шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагад бүх асуудлыг тусгасан байгаа. Хариу өгөхгүй бол ШУ-ны салбарын 2,000 орчим судлаачдыг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулна.

Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурьт шаардлага хүргүүлж байна. Салбарынх нь эрдэмтэн судлаачдыг өвлийн хүйтэнд орох оронгүй болгож байгаа энэ ажлыг яагаад зогсоохгүй байгаа гэдэгт хариулт авахыг хүсч байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол салбарын сайдыг огцруулах хүртэл тэмцэх болно” хэмээв.

Ийнхүү ШУ-ны байгууллагын эрдэмтэн, судлаачид байрыг нь булаах гэж байгаад бухимдан эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, өмнөх засгийн газрын харалган гаргасан тогтоолыг эргэн харж, цуцлах шаардлагыг Засгийн газар болон БСШУСЯ-д хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү байранд 48 эрдэмтэн судлаач ажил хэргээ явуулдаг юм байна.