Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Манай дэлхий “Зеланд” гэдэг шинэ тивтэй болж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхийг Африк, Ази, Антарктид, Австрали, Европ, Хойд Америк, Өмнөд Америк гэсэн долоон тивтэй гэдэг. Харин геологичид хүн амын ялгааг нь харгалзалгүй, зөвхөн эх газраар нь Европ, Ази тивүүдийг Еврази гэсэн нэг супер тив гэж үзээд зургаан тивтэй гэдэг юм.

Тэгвэл шинэ судалгаагаар манай дэлхий Зеланд (Zealandia) хэмээх геологийн шинэ тивтэй болохыг зарласан байна. Нийт 11 эрдэмтэн оролцсон баг Шинэ Зеланд, Шинэ Каледони гэсэн эх газрууд нь арал төдий биш, харин усан дор нуугдаж байгаа томоохон эх газрын уснаас цухуйж байгаа орой гэж дүгнэжээ. Энэхүү нуугдмал тив нь 4.9 сая кв.км талбайтай, Австрали тивээс тусдаа газар гэнэ. Судлаачдын тайланд “Энэ бол гэнэтийн нээлт биш, алгуур хүлээн зөвшөөрөх үйл явц байсан. Ердөө 10 жилийн өмнө бидэнд энэ тухай ямар ч мэдээлэл байгаагүй” гэж тайлбарлажээ.

 

Судалгааг хийсэн эрдэмтэд нь бүгд Австралийн Их сургуулиудад харьяалагддаг. Гэхдээ бусад эрдэмтэд ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Австралийн судлаачид геологийн салбартаа A ангиллын хүмүүс тул тэдний дүгнэлтийг үгүйсгэх боломж бараг байхгүйг уг судалгаанд оролцоогүй эрдэмтэд өгүүлж байна.

“Хэрвээ манай дэлхийн чулуулаг хавтангуудыг газрын зураг хэлбэрээр харуулбал шинэ тив нь далайн гүнээс тодорч харагдахуйц юм” гэж тэд тайлбарлажээ.

Далайн ёроолоос ялгарч өргөгдсөн Зеланд тив нь ойролцоогоор Энэтхэгийн хэмжээтэй, Мадагаскар, Гринландын арлуудаас том хэмжээтэй. Шинэ Зеланд, Шинэ Каледоний арлууд нь уг эх газрын ердөө 5 хувь ажээ.

 

Эх сурвалж: Business Insider, Geological Society of America