Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан Ордон: Орос Крымийг Украйнд буцааж өгөх ёстой гэж Трамп үзэж байгаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер ерөнхийлөгч Дональд Трамп Оросууд Крымийг Украйнд буцааж өгөх ёстой гэж үзэж байгааг хэлжээ.

Өчигдрийн хэвлэлийн бага хурал Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинний огцорсон асуудалд голлон төвлөрсөн юм.

Майкл Флинн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө буюу албан ёсоор ажлаа аваагүй байхдаа ОХУ-ын Америкт суух элчин сайдтай утсаар ярьж, Барак Обамагийн үед Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах талаар ярилцсанд буруутгагдаж, албан тушаалаасаа огцрох болсон.

2014 оны гуравдугаар сард ОХУ Крымийг Украинаас булаан авсны дараа Обамагийн засаг захиргаа Москвагийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсан юм.

Харин шинэ ерөнхийлөгч Дональд Трамп Оростой сайн харилцаатай байхыг эрхэмлэдэг гэдгээ олон удаа нотолж байв.

Гэтэл Шон Спайсер өчигдөр хэлэхдээ “Оросын засгийн газар Украин дахь хүчирхийллээ бууруулж, Крымийг буцаан өгөхийг ерөнхийлөгч маш тодорхой хүсэж байгаа” гэсэн нь сонирхол татаж байна.

Тэр бас НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэйлигийн хэлсэн үгийг энэ үеэр эшлэн дурдсан юм. Трампын томилсон Хэйли “Крым бол Украины нэг хэсэг” хэмээн НҮБ-ын индэрээс мэдэгдэж байжээ.

Тэр бас Крымийг Украинд буцаан өгөх хүртэл Москвагийн эсрэг авсан хориг үргэлжилнэ гэсэн юм.

Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн ОХУ-ын элчин сайд Кисляктай арванхоёрдугаар сарын 26-ны өдөр утсаар ярьсан нь Обамагийн Оросын эсрэг ээлжит хоригийг зарласан өдөртэй давхцаж байгаа юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty