Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Бадрал: Японы өндөр технологийг нутагшуулахад анхаарах хэрэгтэй

ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

- Ерөнхийлөгчийн эхлүүлсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх шаардлагатай байна -

Монгол Улс хамгийн анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ Япон улстай байгуулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Тодруулбал, гуравдагч хөршөө гэж үздэг тус улстай 2015 оны хоёрдугаар сарын 10-нд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, 15-нд нь УИХ соёрхон баталсан юм. Хэлэлцээрт тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурсан хэдий ч энэ бүхнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлүүлснээс гадна төгсгөлийн цэгийг нь хатгасан байдаг.

Хамгийн анх 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад ажлын айлчлал хийхдээ Эдийн засгийн түншлэлд чиглэсэн хамтын мэдэгдэл гаргаснаар эхлэл нь тавигдаж байв. Мөн тэрээр 2014 оны долдугаар сард тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоог эцэслэсэн юм.

Байгуулаад хоёр жилийн хугацаа өнгөрч буй уг хэлэлцээрийн ач холбогдол, үр дүнгийн талаар МУИС-ийн Ази судлалын багш, доктор Н.Бадралтай ярилцлаа. Тэрээр докторын зэргээ Япон судлалаар хамгаалсан юм.

-Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад хоёр жил болж байна. Энэхүү хэлэлцээрийн ач холбогдлын талаар ярицлагаа эхэлье?

-Эхлээд манай улс Японтой хэзээнээс ямар харилцаатай явж ирснийг онцлох нь зүйтэй байх. Монгол Улс 1972 онд Японтой дипломат харилцаа тогтоож, түүнээс хойш харилцаагаа сайжруулсаар ирсэн. 1990 он гараад ардчилал тогтож эхлэхэд улс төр, эдийн засгийн харилцаа улам эрчимжсэн. Ялангуяа Монгол, Японы улс төрийн харилцаа хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж ойлгож болно.

Харин эдийн засаг, худалдааны харилцаагаа цаашид илүү сайжруулах шаардлагатай. Тийм ч учраас Стратегийн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Өөрөөр хэлбэл, Стратегийн түншлэлийнхээ хүрээнд эдийн засгийн хамтрагчид болъё гэж шийдсэн хэрэг л дээ. Ингэснээр манай улс эрдэс баялгаа Япон руу, Япон манайх руу техник технологио нэвтрүүлэхэд хялбар болсон гэсэн үг. Товчхондоо хэлэлцээрийн гол агуулга нь харилцан ашигтай ажиллах замаар гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх юм.

Манай улсын уул уурхайн баялгийг Японы техник технологитой хослуулах ч гэж ойлгож болно. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсанаар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад шинэ дэвшил гардаг. Зүгээр нэг аж ахуйн нэгж Японоос бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалах нь шинэлэг зүйл биш шүү дээ. Энэ бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй, хэлэлцээргүй явж байсан л зүйл. Тухайлбал, хуучин авто машин эртнээс л оруулж ирдэг байлаа. Зөвхөн Японоос татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн оруулж ирээд худалдаалбал манайх хэрэглэгч орон хэвээрээ л байна. Эдийн засгийн түнш байх гэсэн утгаа алдана. Тиймээс одоо Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ хэрэгжүүлэх нь чухал.

Уг нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх зам бүрэн нээгдсэн. Монголд эрдэс баялаг, Японд өндөр технологи нь хангалттай байна. Одоо манай улсад Япон улсын өндөр техник технологийн хөрөнгө оруулалт л чухал байна.

-Таны хэлснээр эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх зам нээгдчихээд байхад яагаад хангалттай үр дүн гарахгүй байна вэ?

-Одоо Японы талаас бүх зүйл шалтгаалж байгаа гэж ойлгож байна. Саяхан Японоос манайх руу үхрийн лаазалсан мах экспортлох санал тавьсан. Үүнийг бид сонсох төдий өнгөрөх ёсгүй. Учир нь, манай улсад өгч байгаа том дохио. Өөрөөр хэлбэл, манай улсын малын махыг авах шаардлагагүй гэдгээ илэрхийлж буй нэг хэлбэр. Хатуухан хэлэхэд малын гаралтай бүтээгдэхүүн Эдийн засгийн түншлэлийн хэлэцээрт хамааралгүй гэсэн үг. Тэгэхээр одоо Эдийн засгийн түншлэлийнхээ хэлэлцээрийг харилцан ашигтай, амжилттай үргэлжлүүлэх ганцхан л сонголт үлдчихээд байна. Энэ бол Японоос өнгөт металл, газрын ховор элемент, нүүрсийг боловсруулах технологи нэвтрүүлж үйлдвэр барих.

Малын гаралтай бүтээгдэхүүн Эдийн засгийн түншлэлийн хэлэцээрт хамааралгүй гэсэн үг.

Японы зарим мужид нүүрсээр ажилладаг цахилгаан станц бий. Тухайн станцууддаа нүүрсээ 100 хувь боловсруулж ашигладаг. Бараг утаа гардаггүй, уур савсаж байгаа мэт л харагддаг. Нүүрсийг ингэж боловсруулдаг технологийг нь Монголд оруулж ирж болно. Ингэвэл манай улс үйлдвэртэй болж үлдэнэ. Япон улс ч тодорхой хэмжээнд ашиг хүртэж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр жинхэнэ утгаараа хөгжинө.

Ер нь манай улс одоо зээл, буцалтгүй тусламжаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт. Бэлэн мөнгө чухал биш техник технологийн хөрөнгө оруулалт л чухал болоод байна. Манайх шиг үйлдвэргүй оронд хөрөнгө оруулалт нь үлдэцтэй зүйл байх ёстой.

-Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Өнгөт металл, газрын ховор элимент, нүүрс зэрэг түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээж Япон руу гаргах саналыг үе үеийн Засгийн газар тавьж ирсэн. Гэвч Японы тал хүлээсэн, хойш нь тавьсан байдалтай байдаг байлаа. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Японд айлчлахдаа Эдийн засгийн түншлэлд чиглэсэн хамтын мэдэгдэл гаргасан гэдгээрээ энэхүү хэлэлцээрийг байгуулахад чухал, гол үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс хойш манай улсын холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд долоон үе шаттай хэлэлцээг Японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулсан.

Манай улс хамгийн анх Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь энэ. Харин Японы хувьд манайх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан 15 дахь улс нь болсон. Манайхаас өмнө Сингапур, Мексик, Малайз, Чили, Тайланд, Индонези, Швейцари, Вьетнам, Энэтхэг, Перу, Австрали зэрэг орнуудтай энэхүү хэлэлцээрийг байгуулсан байдаг. 

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан улс орнуудыг нь харахад манайх шиг жижиг зах зээлтэй орон бараг алга. Манай улс тус улстай байгуулсан хэлэлцээрээ амжилттай хэрэгжүүлэхэд гадаад худалдааны тэнцвэргүй байдал сөргөөр нөлөөлж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Манайд үйлдвэрлэл хөгжөөгүй учраас Япон улстай хийх худалдаа тэнцвэргүй байна л даа. Гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг юугаар нөхөх вэ гэхээр Япон улсын өндөр технологийг ашиглаж ашигт малтмалаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах замаар нөхөх боломжтой.

Япон улс ч ингэж л хардаг. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улсынхаа Монголтой харилцах харилцааг ашигт малтмалд тулгуурласан дипломат бодлого гэж тодорхойлдог. Гэхдээ энэ нь Засгийн газрынх нь албан ёсны байр суурь биш гэсэн үг л дээ. 

С.ШИЙЛЭГТӨМӨР