Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хот нь харласан малчид нийслэл рүү хөдлөхийн цагт...

Н.Норжин, Монголын мэдээ
2017 оны 1 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр 17 аймгийн 127 суманд өвөлжилт хүндэрсэн хэдий ч малын тоо толгой хорогдсон тухай мэдээлэл бүртгэгдээгүй нь энэ цаг үед хамгийн сайн мэдээ.

Гэвч цагаан зуднаас илүүтэй “цэцгэн” зуд нүүрлэж, хоттой хонь нь гуравхан хоногийн дотор хиарсан тухай нулимс унаган ярих малчинтай тааралдлаа. Тодруулбал, Төв аймгийн Борнуур сумын Наран багийн иргэн Б. Тэднийх хүний өөрийн нийлсэн 500 гаруй хонь хариулдаг байж.

Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө хоттой хонинд нь цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, сум, аймаг руу хэл хүргэх, сумын мал эмнэлэг нь вакцины эрэлд хатах зуур өвчин хотноос хотонд халдварлан газар авсан байна. Аймгийн онцгой байдлын алба хорио цээр тогтоож, 24-ийн давааны ойр орчимд өвөлжих малчдын хонин сүргийг вакцинд хамруулж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авснаар өвчний тархалтыг зогсоож чадсан ч өвчний голомт хэмээн нэрлэгдэх малчин Б-гийн хот харлан 40 гаруй тооны ямаатай л үлджээ.

Өөрөөр хэлбэл, тэдний хоттой хонийг устгалд оруулсан гэсэн үг. Ингэхдээ сумын удирдлагууд “Улсын эдийн засаг хямарсан учраас нөхөн төлбөр өгөхгүй” хэмээн төрийн өмнөөс лүндэн буулгаад одоцгоож. Хонинд тусдаг цэцэг өвчин зөвхөн Төв аймагт гараад байгаа юм биш. Ховд аймгийн Манхан суманд өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр анх илэрсэн энэ өвчний вирус эдүгээ говийн бүсэд дэгдчихээд байгаа.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Булган аймагт гарсан. Вакцины хүрэлцээ хангалтгүйн улмаас тухайн хотонд өвчний шинж илэрсэн л бол өвдсөн өвдөөгүй гэж ялгалгүйгээр устгалд оруулахаас өөр аргагүй гэх тайлбарыг холбогдох албаны мэргэжилтнүүд өгөх юм билээ. Вирусийг газар авахуулахгүйн тулд устгалд оруулах нь зүй ёсны арга хэмжээ гэж үзэж болох ч цаг бусын гайгаас болж амьжиргаанаасаа салсан малчин иргэндээ нөхөн олговор олгохгүй хэмээсэн нь ямар учиртай юм бол оо.

Хот нь харласан малчин цаашид хэрхэн амьдрах вэ гэх тухайд Монголын төр арга хэмжээ авах ёстой санагдана. Нөгөөтэйгүүр, утаандаа дарлуулсан Улаанбаатарын иргэдийн лав 30 шахам хувь нь хотоо харлуулж орхисон малчид амьдрал хөөж, нийслэлд орж ирсэн байдаг.

Ажилгүй, орлогогүй, амьдрах газаргүй тэд уулын оройгоор хуарагнан бууцгааж, гал гарч болох бүгдийг түлснээр эдүгээ та бид хорт утаагаар уушгиа хордуулан хахир өвлийн ард гарцгааж буй. Ирэх хавар хонины цэцэг өвчний улмаас хотоо харлуулсан хэдэн зуун өрх нийслэлийн зүг хөсөг хөдөлгөхийг одоогоор хэлж мэдэх юм алга.

Гагцхүү яндангийнхаа тоог нэмэхгүй байя, мал бүхий иргэдээ нутагт нь тогтооё гэвэл тэдэнд нөхөн олговор олгохын зэрэгцээ малжуулах арга хэмжээг цаг алдалгүй явах явдал бөлгөө. Түүнчлэн аймаг, сумдын удирдлагууд отрын малчид яваад өнгөрсний дараа л өвчин дэгдээд байгаа талаар яриад байгаа. Тэгэхээр вакцингүй гээд хонин сүргээ устгах эс бөгөөс вакцинд хамруулах хоёрын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй вэ гэдгийг давхар бодолцоход гэмгүй л байх.

Зураг