Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд нийт 69 удаагийн цаг агаарын аюулт үзэгдэл болжээ

ikon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-2016 онд жилийн дундаж агаарын температур болоод хур тунадасны хувьд  олон жилийн дунджийн орчим байлаа-

Агаарын температурын хувьд:

2016 оны жилийн дундаж агаарын температур +0.3 градус буюу 1981-2010 оны дунджаас 0.2 градусаар, 2015 оноос 1.5 градусаар хүйтэн жил болов. Олон жилийн дунджаас хамгийн хүйтэн сар нь 1-р сар, хамгийн дулаан сар нь 3-р сар байв.

Нэгдүгээр сарын сүүлийн хагаст ихэнх нутгаар их хүйтрэлтийн үзэгдэл ажиглагдаж, энэ хугацаанд буюу 2016 оны нэгдүгээр сарын 28-нд агаарын үнэмлэхүй бага температур Завханы Отгон суманд -55 градус хүрч хүйтэрсэн нь Монгол оронд цаг уурын ажиглалт хийж эхэлсэн 1940 оноос хойш ажиглагдсан 2 дах агаарын үнэмлэхүй бага утга байлаа.

Харин наймдугаар сар олон жилийн дунджаас хамгийн дулаан сар байгаагүй ч сарын эхээр говь, тал хээрийн нутгаар их халууны үзэгдэл ажиглагдаж агаарын үнэмлэхүй их температур Дорнодын Чойсалсан, Халх-голд +42 градус хүрсэн нь сүүлийн 50 гаруй жилд ажиглагдаагүй анхны тохиолдол байв.

Мөн арваннэгдүгээр сарын 18-22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Онон голын сав дагуух нутгуудаар шөнөдөө -42...-44 градус хүрч хүйтэрсэн нь сүүлийн 20 гаруй жил арваннэгдүгээр сард ажиглагдаагүй хүйтэн болов. 

Хур тунадасны хувьд:

Монгол орны жилийн нийлбэр тунадас 242 мм буюу 1981-2010 оны дундажтай харьцуулбал 118 хувь буюу уур амьсгалын дунджийн орчим, өнгөрсөн оноос 40 хувиар ахиу хур тунадас оржээ. Гуравдугаар сард Увсын Өмнөговьд 14 мм, Завханы Дөрвөлжинд 13.5 мм буюу уур амьсгалын дунджаас 13 дахин их хур тунадас орсон нь 1960 оноос хойшхи сүүлийн 56 жилд ороогүй анхны тохиолдол байв.

Наймдугаар сарын 23-нд Японы арлуудын зүүн эрэг орчимд үүссэн энэ оны 10 дахь тайфун “LIONROCK” наймдугаар сарын 31-нд Владивосток орчмоор эх газар дээр гарч ирэн Монголын зүүн хэсгээр есдүгээр сарын 3-ныг хүртэл байрласны улмаас Хэнтийн нутгаар 6.0-99.7 мм, Дорнодын нутгаар 24.0-46.0 мм, Сүхбаатарын нутгаар 26.0-55.0 мм бороо, зарим үед усархаг аадар бороо удаан хугацаагаар үргэлжлэн оров.  

Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт нутгийн хойд хэсгийг хамарч их хэмжээний цас орсны улмаас Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 10-40 см, шуурч хунгарласан газартаа 50-60 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос  зудын нөхцөл үүсэхэд хүргэв.

Цаг агаарын аюултай үзэгдлийн хувьд

2016 онд нийт 69 удаагийн цаг агаарын аюултай үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга 15, хүйтэн бороо 1, цочир хүйтрэл 6, уруйн үер 12, хүчтэй мөндөр 2, аянга цахилгаан 12 удаа тус тус ажиглагдав. Үүнээс долоодугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар ихээхэн хохирол /2,259,565,000/ учруулсан хүчтэй түр зуурын аадар бороо орсон бол наймдугаар сарын 7-нд  Увсын аймгийн Улаангом сумын нутгаар 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан түр зуурын хүчтэй аадар бороо орж, үер усны аюул дагуулсан байна.

Эх сурвалж: ЦУОШГ