Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Меркель “аймшигтай” алдаа гаргасан

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анх удаагаа Европын гол хэвлэлд Баасан гарагт ярилцлага өгчээ. Тэрээр Германы Bild сэтгүүлд ярихдаа “хэдийгээр канцлерийг гүнээ хүндэтгэдэг, агуу удирдагч гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг” боловч Меркель хууль бус дүрвэгчдийг нутагтаа нэвтрүүлэхийг зөвшөөрсөн нь “аймшигтай алдаа” болсон гэж ярьсан байна. Трамп “Хүмүүс алдаа хийдэг, гэхдээ тэр үнэхээр том алдаа хийсэн” гэсэн юм.

Харин энэ жил дөрөв дэх удаагаа канцлерь болохоор сонгуульд өрсөлдөх гэж байгаа Ангела Меркелийг Барак Обамагийн нэгэн адил дэмжих эсэхийг асуухад Трамп “Би түүнийг хүндэлдэг, надад таалагддаг. Гэхдээ би түүнийг сайн мэдэхгүй. Хэрвээ дэмжинэ гэчихвэл би сайн танихгүй хэнийг ч хамаагүй дэмжинэ гэсэнтэй адил болно шүү дээ” гэж хариулжээ.

Тэр мөн Сирийн дүрвэгчдийг хэрхэн зохицуулах байснаа  тайлбарласан юм. Трамп “Миний бодлоор бид Сирид аюулгүй бүс байгуулах ёстой байсан. Ингэх нь хамаагүй хямд тусна. Персийн булангийн улсууд үүнийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Тэдэнд өөр хэнд ч байхгүй их мөнгө байгаа. Тэгсэн бол өнөөдөр Германд болж байгаа шиг зүйл болохгүй байсан” гээд “Энэ бүх зүйл хэзээ ч болохгүй байж болох байсан. Ирак руу анх довтлох ёсгүй байсан юм. Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн муу шийдвэр. Зөгийний үүр рүү чулуу шидэхтэй адил хэрэг болсон” гэжээ.

Ярилцлагын үеэр Трамп Германы автомашин үйлдвэрлэгч BMW компанийг Мексикт үйлдвэрлэсэн машинаа АНУ руу экспортлох гэвэл 35 хувийн гаалийн татвар ноогдуулна гэлээ. Тэр BMW-г АНУ-д үйлдвэрлэлээ явуулбал ямар ашиг тустай болохыг энэ үеэр ярьжээ.

Герман өвөөтэй Трампаас Герман хүний чанаруудаас түүнд байдаг эсэхийг асуухад тэр “Би дэг журамд дуртай. Бүх зүйл нягт нямбай байхад би дуртай. Энэ бол Германчуудын олонд танигдсан чанар шүү дээ. Дэг журмаас гадна би бас хүч чадалтай байхыг эрхэмлэдэг” гэж хариулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian