Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Намын даргын сонгуульд нэр дэвшигчид өөрийн давуу талыг тодорхойлж байна

Ардчилсан Нам
2017 оны 1 сарын 16
Ардчилсан Нам
Зураг зураг

Ардчилсан намын даргын сонгуулийн сунгааны үйл явц, зохион байгуулалт, хамрах хүрээгээрээ Монгол Улсын Еөрнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалттай ижил түвшинд явагдаж байна. Улс орон даяар сурталчилгааны уулзалтаа хийж байгаа энэ үйл явц Монголын улс төрд шинэ давалгаа болж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн сурталчилгаа 40 хоног үргэлжлэн энэ 1 дүгээр сарын 29-нд санал хураалт болно. Нэр дэвшигчид одоогоор 17 аймаг, 4 дүүргийн намын гишүүдтэйгээ уулзаад байгаа бөгөөд тэд өөрийнхөө давуу талыг хэрхэн тодорхойлж байна вэ? 

Д.ЭРДЭНЭБАТ: ЭНЭ НАМ ЯАХААРАА ЯЛАГДДАГ, ЯАВАЛ ЯЛДГИЙГ БИ МЭДНЭ 

Анх өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээр Ардчилсан намд элссэнээс хойш 20 жил болжээ.  20 жилийн хугацаанд энэ намын гал тогоонд нь байлаа. Анхан шатнаас нь эхлээд л ажилласан. Жирийн гишүүдийн жаргал зовлон, баяр гуниг, бүгдийг сайн мэднэ. Үүнийгээ би давуу гэж бодож байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг дөрвөн жил хийлээ. 2012 онд бид ялалт байгуулсан. Энэ бол бидний эв нэгдэлтэй, нэг бодлоготой байж хийсэн зүйл. Ардчилсан нам яавал ялдаг юм бэ гэдгийг би дэндүү сайн мэднэ. 2016 онд ялагдлаа. Яагаад ялагдсаныг ч би маш сайн мэднэ. Өнгөрсөн 20 жилийн амьдрал маань ардчилсан намтай бүх талаараа холбогддог.  

Ж.БАТЗАНДАН: ШИНЭ ДАРСЫГ ХУУЧИН ТОРХОНД ИСГЭДЭГГҮЙ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХУУЧИН АРГААР ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Дөрвөн нэр дэвшигч маань туршлагатай, урд нь намын дарга, нийслэлийн намын дарга, ардчилсан залуучуудын холбооны дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан хүмүүс байгаа. Миний хувьд 42 настай хамгийн залуу нэр дэвшигч. Шинэ арга барилаар, шинэ зарим, шинэ бодлогоор энэ намыг удирдах бүрэн боломжтой. Ер нь шинэ дарсыг хуучин торхонд исгэдэггүй, шинэчлэлийг хуучин аргаар хийх боломжгүй. Тийм учраас шинэ залуу хүний хувьд Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн.  

С.ЭРДЭНЭ: НАМЫН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗОВЛОНГ БИ МЭДНЭ

Би энэ намд бүх шатны намын байгууллагад ажиллаж үзсэн. Өмнө нь Монголын Ардчилсан намын дарга байсан. МоАХ гээд анхны ардчиллын салхийг хагалсан томоохон хөдөлгөөнийг 4 жил удирдсан. Мөн нийслэлийн нам, дүүргийн нам гээд бүх л шатанд удирдах ажил хийж байлаа. Энэ ажлын туршлага, энэ намын бүх шатны жаргал зовлонг мэддэг маань л давуу тал. 

Л.ГАНТӨМӨР: НАДАД ХӨГЖИЛ РҮҮ ТЭМҮҮЛСЭН АЛСЫН ХАРАА БИЙ

Хамгийн гол нь энэ улс орны хөгжил. Хөгжлөө л зөв харах ёстой. Ардчилсан намын дарга бол хөгжил гэж юу вэ? Энэ зуунд хөгжил ямар байна вэ? Ямар орны ард түмэн элбэг хангалуун амьдраад, ямар нь ядуу зүдүү байна вэ? гэдгийг ялгаж салгадаг байх хэрэгтэй. Би шинжлэх ухааны сайд хийж байсныхаа хувьд, технологийн хувьсгал хаана явааг ойлгодогийн хувьд, инноваци гэж юу гэдгийг мэдэж байгаагийн хувьд, хөрөнгө оруулалт яг юунаас юунд шилжиж байгааг мэдэхийн хувьд чинээлэг, сэтгэл хангалуун амьдарч байгаа  тэр хүмүүсээс Монголчууд илүү сэтгэх боломж байгаа гэдэгт би итгэдэг.

Дэлхийн 7 тэрбум хүнээс оюун ухаанаараа давамгайлж, оюун ухаанаараа бизнес хийж байгаа хүмүүстэй хамтарч хөгжлийнхөө бодлогыг гаргаж ирэх хэрэгтэй. Улс төрийн намууд хөгжлийн маш чамбай бодлоготой, хөгжил гэж юу вэ? гэдгийг маш сайн мэддэг, ойлгодог тэр нь энэ зууных байх ёстой. Надад хөгжил рүү тэмүүлсэн алсын хараа бий. 

Н.АЛТАНХУЯГ: УЛС ТӨРИЙН ШИНЭЧЛЭЛ ЗӨВХӨН МАНАЙ НАМЫН БИШ МОНГОЛ УЛСЫН АСУУДАЛ

Би энэ намд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаас эхлээд намын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, дарга гээд маш олон жил намын ажлын гал тогоотой ноцолдсон хүн. Зөвхөн нам ч биш намын хамт олны дэмжлэг, ард түмнийхээ итгэлээр 3, 4 Засгийн газарт ажилласан учраас Монгол Улсынхаа асуудлыг ч бас мэднэ. Энэ бол миний давуу тал. 

 

М.Гэрэлтуяа

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.