Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мухар олгой хүний биед чухал үүрэгтэй болохыг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Бүдүүн гэдэсний зүүн гар талын хэсэгт мухар олгойг дүрсэлжээ

Хүний бүдүүн гэдсэнд залгаатай байдаг мухар олгой нь ямар үүрэгтэй болохыг эрдэмтэд тайлж чадаагүй байгаа.

Заримдаа мухар олгой нь хурцаар үрэвсэж мэс заслын аргаар тайрахад хүргэдэг. Тиймээс эрдэмтэд мухар олгойг ашиггүй, илүүдэл эрхтэн гэж үздэг байв. Харин АНУ-ын Аризона Мужийн Мидвестерн Их сургуулийн судлаачид түүнийг хүний биеийн дархлаанд чухал үүрэгтэй эрхтэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Туслах профессор Хидер Смит мухар олгойг судлахын тулд 533 хөхтөн амьтны гэдэс дотор, тэдгээрийн байгалийн шинж чанарыг харьцуулан судалжээ.

Хүн дүрст мич, туулай зэрэг амьтдад мухар олгой байдаг бол нохой, муур зэрэгт байдаггүй. Тэдний олж мэдсэнээр мухар олгой нь янз бүрийн амьтны төрөл зүйлд 30 өөр цаг үед бий болон хөгжихдөө эволюцийн явцад огт устаагүй, хадгалагдсан хэвээр байжээ.

Улмаар мухар олгойтой амьтдын гэдэс доторт лимфоидын эд эс гэгддэг дархлааны системийн чухал элементүүд илүү олон байсан гэнэ.

Эдгээр нь хүний биед ашиг тустай бактеруудыг өсгөж өгдөг ба тэдгээр бактерууд нь мухар олгойнд нөөцлөгддөг аж. Ингэснээр хүн суулгах үед ашигтай бактериа гэдэснээсээ алддаг бол мухар олгой түүнийг нь даруй нөхөн сэргээж өгдөг байна.

Тиймээс мухар олгойгоо авхуулсан хүмүүс суулгалтын дараа бие нь эрүүлжиж, эргэн сэргэхдээ удаан байдаг гэнэ.

Насанд хүрсэн хүний мухар олгойн дундаж хэмжээ 5-10 см урт, 6-8 мм диаметртэй байдаг ажээ. Харин уг эрхтэн нь яагаад үрэвсдэг болохыг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Зарим нь түүний амсар бөглөрснөөс ингэдэг гэж таамаглаж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent