Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Баярын үеэр гарсан гэмт хэргийн тоо өмнөх онтой харьцуулахад 58 хувиар буурсан"

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Баяр амралтын өдрүүдээр гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсныг Улаанбаатар хотын цагдаагийн газрын УСОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Гүнчин-Ишээс тодрууллаа.

- Энэ жил баярын амралт олон хоног үргэлжиллээ. Энэ үеэр гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан бэ?

- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ой болон Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад олон хоног амарсан энэ үеэр цагдаагийн байгууллага аль болох гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалах чиглэл баримталж ажилласан.

Мөн хэв журмын хөдөлгөөнт болон явган, нохойт эргүүлийн чиглэлийг нэмэгдүүлж, 432 чиглэлд 1,500 гаруй алба хаагч, “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний арга хэмжээний үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 500 алба хаагч ажилласан байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд нийт 183 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107 нэгж буюу 58.5 хувиар буурсан үзүүлэлт юм.

- Гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан сайн үзүүлэлттэй байсан байна. Тухайлбал ямар төрлийн гэмт хэргийн тоо түлхүү буурсан бэ?

- Баярын үеэр нэмэгдэх хандлагатай байдаг гэмт хэргүүд эрс буурсан сайн үзүүлэлттэй байлаа.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг 82 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 114.6 хувь, танхайрах гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь 170 хувь, булаах гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь 125 хувиар тус тус буурсан.

Цагдаагийн алба хаагчид бүртгэгдсэн гэмт хэргийн 114 буюу 62 хувийн эзэн холбогдогчийг хоногийн хугацаанд шуурхай илрүүлэн ажилласан байна.

Мөн баярын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэж саатуулагдах тохиолдол нэмэгддэг байсан хэдий ч энэ жил амралтын дөрвөн өдөр нийт 200 гаруй хүн албадан эрүүлжүүлэгдсэн. Жирийн үед өдөрт дунджаар 200 орчим хүн албадан эрүүлжүүлэгддэг. Эндээс үндэслээд хэлэхэд иргэдийн баяр ёслол тэмдэглэн өнгөрүүлэх ухамсар дээшилжээ.