Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шилэгдсэн нэг нь л шинэчлэлийн “бэлгэдэл” болно

Б.Төгөлдөр
2016 оны 12 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

АН-ын даргад нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорьсон. Өнөөгийн намын дарга З.Энхболд нь нэр дэвшигчдэд эвтэй найртай явахын захиас захиж байна гээд багцалсан сум бэлэглэсэн бөгөөд тэд нь ч “тарж бутарсан олон овог, аймгийг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулсан суут хүн Чингис хааны өлгий нутгаас Ардчилсан намын эв нэгдлийн их хөдөлгөөн эхэлж байна.

Намын нөхдөдөө амжилт хүсье” хэмээн өөрсдийн цахим хуудастаа сэтгэгдлээ илэрхийлээд хүлгийн жолоо залцгаажээ. Тэд үнэндээ тарж бутарсан Монгол Улсыг бус ташуур, жолоогоо алдаж, талцаж, хуваагдах болсон АН-аа л шинэчлэх шаардлагатай болчихоод байгаа.

Улс төрийн тавцанд эрх баригч, сөрөг хүчний суудалд ээлжлэн суух болсон АН болон МАН-тай холбоотой асуудал олны анхаарлыг эрхгүй татаж байгаа. Тиймдээ ч өнгөрөгч даваа гарагт АН-ын даргад нэр дэвшиж буй хүмүүс батламжаа гардсан нь энэ долоо хоногт онцлох “Гол дүр” байлаа.

Ардчилсан хувьсгалыг 20 гаруй жилийн өмнө эхлүүлж байсан нөхөд нэг “малгайд” багтан АН-ыг “бүтээсэн”. Харамсалтай нь энэ цаг үед АН-ынхан фракцын асуудлаасаа болж үзэл бодол, үйл хэргийн зөрчил нь албан тушаалаар илэрхийлэгдэж, үндсэн зарчмаасаа хазайсан хэмээгдэн шинэчлэлийн талаар ярих болсон.

Санхүүгийн хувьд босго нэлээд өндөрт тооцогдож буй АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсролын сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдөхөөр нэр дэвшээд байгаа.

Тэдний хувьд 40 хоногийн хугацаанд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын дүүргүүдээр явж, иргэд, сонгогчидтойгоо уулзаж, ярилцан сурталчилгаагаа хийх юм. Гэхдээ ганцаарчилж болохгүй гэж байгаа Олон нийтийн хувьд одоогийн байдлаар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонирхохоос илүү хувь xvw талаас нь хүлээж аваад байгаа.

Тиймдээ ч АН-ынхан фракцгүй болох магадлал тун бага гэх нь ч байна. Учир нь намын дарга болохоор зүтгэгчид нь фракцуудын төлөөлөл гэж харагдаад, хардагдаад байгаа хэрэг. Тухайлбал, Д.Эрдэнэбат л гэхэд МҮДН, Н.Алтанхуяг “Алтан гадас", С.Эрдэнэ “Шонхор” фракцынх. “Нэг ардчилал" фракцад хамаарч байсан Л.Гантөмөр татан буулгалаа гэдгээ мэдэгдээд байгаа.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд тэрбээр холбирсон ч унадаггүй “шидтэн”. Үнэндээ иргэний хөдөлгөөнөөс энэ намын хаяаг бараадсан. Эвгүйтвэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг шиг өөрийгөө аваад гарч байвал  бусад нь хамаагүй гэсэн үйлдэл гаргах магадлалтай нэгэн.

Үндсэндээ фракцуудын төлөөллөө зүтгүүлж, намын эрх мэдлийг гартаа авах нь уу гэж харагдаад байгаа. Магадгүй анхны хэлсэндээ хүрэхийн тулд шинэчлэл нэрээ хадгалан аятайхан сонгууль явуулна гэж мэдэх л дээ. Гэсэн ч тэд дотооддоо “панз үсэргэж” сонгуулийн буухиаг дуусгахгүй гэх баталгаа үгүй биз.

Яагаа вэ, УИХ-ын сонгуулийн үеэр тойргуудад санал хуваахын тулд жижиг намууд гэнэт амь орж, бүр ижил нэртэй бие даагчдыг уулгалан нэр дэвшүүлдэгтэй адил.

Дээрх нэр дэвшигчдийг С.Эрдэнэ ба бусад гэсэн хувилбараар өрсөлдөх болов уу гэж харах хүн цөөнгүй бий. Учир нь Ардчилсан намын анхан дунд, шатны удирдах албан тушаалд өнөөгийн байдлаар намын дарга З.Энхболдын хүмүүс буюу “Шонхор"-ынхон давамгай байгаа. Энэ утгаараа шонхрын төлөөлөл болсон С.Эрдэнэ сунгаанд илүү амжилт үзүүлэх магадлал харагдаж буй.

Харин "Алтангадас", “МҮДН" нийлж байгаад Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарыг нэр дэвшүүллээ гэсэн үг. Н.Алтанхуяг намын даргаас илүү ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн болохоор энэ удаа заавал улайрах шаардлагагүй. Харин Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нарт боломж олгож мэдэх юм.

Харин Ж.Батзандангийн хувьд түүнд “Шонхор"-ынхон саналаа өгөхгүй нь тодорхой учраас мань эр магадгүй Л.Гантөмөрийн саналыг хуваах зорилготой болов уу. Угаасаа “АН-ын даргын сунгаанд оролцоход 250 сая төгрөг гэж байна. Арай хэтэрч байна” гэж байсан хүн гэнэтхэн л бүх шалгуурыг давж, батламжаа гардаж авахаар дээрх агуулгаар хардах шалтаг үүсэхээс ч аргагүй.

Ингээд харахад шинэчлэл хийхээр зорьж байгаа мэт харагдаж байгаа ч АН-ын хувьд лав л даргын төлөөх сунгаа, сонгууль фракцуудын тулаан хэвээ үлдэх нь тодорхой болоод байна.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.