Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХИЛ ХАМГААЛАХ салбарын хүний нөөцийг чадавхижуулахад Энэтхэг улстай хамтарч ажиллахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Бүгд найрамдах Энэтхэг Улсын хилийн асуудал эрхэлсэн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти тэргүүтэй Монгол, Энэтхэгийн Дотоод хэргийн яам хоорондын хилийн асуудлаар хамтран ажиллах хамтарсан хорооны удирдах зөвлөлийн төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 21-24-ний хооронд айлчилж байна.

Айлчлалын хүрээнд ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Энэтхэгийн хилийн асуудал хариуцсан Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти тэргүүтэй хамтарсан хорооны удирдах зөвлөлийн төлөөлөгчид анхдугаар уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд протоколд талууд гарын үсэг зурлаа.

ХЗДХ-ийн Төрийн Нарийн Бичгийн дарга Г.Баясгалан:

“Энэ удаагийн уулзалт нь Энэтхэгийн Ерөнхий сайд Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд хил хамгаалах байгууллагуудын хооронд байгуулсан санамж бичгийн дагуу хийж буй ажлын эхлэл. 

Хамтарсан хорооны анхдугаар хуралдаанаар хил хамгаалах байгууллагын албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулахаар боллоо.

Түүнчлэн Энэтхэгийн хил хамгаалах чиглэлийн байгууллагын туршлагыг судлах чиглэлд хамтарч ажиллана. Энэтхэгийн талаас гэхэд Монголчууд өндөр уулын бүст хэрхэн хил хамгаалдаг талаар суралцах, хамтарсан сургуулилалт хийхээр боллоо” гэлээ. 

Энэтхэгийн хилийн асуудал хариуцсан Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти:

Хил хамгаалах салбарын хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд бид хамтарч ажиллахаар боллоо. Тэр дундаа мэдээллийн технологи, гадаад хэл, хилийн аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтад хамруулахаар боллоо. Уулзалт үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байна” гэсэн юм.

 

Хамтарсан хорооны Монголын талын хэсгийн дарга ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, ГХЯ-ны Азийн газрын дарга Н.Наранбат, Энэтхэгийн талын хэсгийн дарга Дотоод хэргийн яамны Хилийн асуудал эрхэлсэн дэд сайд Санжаавааний Кутти, БНЭУ-ын Гадаад хэргийн яамны азийн газрын дарга Прадийл Кумар Рават, Хилийн аюулгүй байдлын хүчний командлагч Кришан Кумар Шарма хоёр орны хилийн асуудлаарх хамтарсан хорооны удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанд байлцав.

 

Мөн Монгол Улсад айлчилж буй Энэтхэгийн Дотоод хэргийн дэд сайд Санжийваний Кутти ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хүлээн авч уулзав. 

 

Эх сурвалж: Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам