Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын мөнгөн тэмдэгт ХУУРАМЧААР хийсэн 3 бүлэг этгээдийн хэргийг прокурорт шилжүүлсэн"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн Ерөнхий Газар болон Монгол Банкнаас мэдээлэл хийлээ.

2016 оны эхний 11 сарын байдлаар нийт 259 удаагийн хуурамч мөнгөн тэмдэгттэй холбогдох мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирснийг шалгаж, 37 хэргийг материалжуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажил хийгдэж байна.

Өнөөдрийн байлаар Монгол Улсын хэмжээнд хэвлэлийн тусгай технологи ашиглан Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг "үйлдвэрлэлийн аргаар" их хэмжээгээр хийж гүйлгээнд оруулсан тохиолдол гараагүй байна.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Цагдаагийн байгууллагад байгаа мэдээллээр болон шалгаж байгаа хэргүүдийг үзэхэд гүйлгээнд хуурамч мөнгө хяналтаас хэтэрсэн зүйл байхгүй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Илэрсэн бүх мөнгөн тэмдэгтийг цагдаагийн байгууллага бүртгэн авч, эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна.

2015 болон 2016 онуудад Эрүүгийн Цагдаагийн Газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт хуурамч мөнгөн тэмдэгтийг "гар аргаар" хийж байсан гурван бүлэг этгээд буюу 10 орчим хүнийг шалгаж прокурорт шилжүүлсэн байгаа.

Тухайн бүлэг этгээдээс нийт 10 гаруй сая төгрөг хурааж авсан гэсэн мэдээ байна.

Ерөнхийдөө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийг авч үзвэл 35 хүртэлх насныхан байдаг.

10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртийг технологи, хэвлэл дизайны чиглэлийн хүмүүс сонирхол, бэлэг дурсгалын журмаар хийгээд гүйлгээнд оруулчихсан тохиолдол байна.

Хуулийн зохицуулалтын хувьд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 176-р зүйлд мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах гэсэн зүйл заалт байгаа. Энэ нь 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай” гэлээ.

Хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдийг илэрсэн даруйд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn
Харин Монгол Банкны зүгээс хуурамч мөнгөн тэмдэгтийг тухай бүрт нь илрүүлж бай гэсэн үүргийг арилжааны банкууд, салбар хэлтсүүдэд өгдөг байна.

Монгол банкны мөнгөн тэмдэгтийн газрын хэлтсийн ахлагч Б.Сандагсүрэн “Банк, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хуурамчаар хийгдсэн, хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдийг илэрсэн даруйд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Одоогоор илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгтүүд энгийн нүдээр ялгаж болохуйц хэвлэгдсэн байдалтай илэрдэг. Тухайлбал, хэлбэр хийц, дүрс нь бүдэг, цаас нь өөр, хуучирсан муудсан байдалтай илэрдэг.

Банкуудын хувьд хуурамч мөнгөн тэмдэгтийг ажиглалтын аргаар илрүүлж, зарим тоног төхөөрөмж сайжирсан томоохон хэмжээний арилжааны банкууд тоолох машины тусламжтайгаар илрүүлдэг.

Хуурамч мөнгийг дангаар нь солиулахаар ирдэг тохиолдол гардаггүй. Төлбөр төлөх, мөнгө солиулах үед их хэмжээний мөнгөний завсар хийх маягаар үйлддэг. Энэ нь гүйлгээний явцад банкуудын мэдээллээр илэрч байна” хэмээн тайлбарлалаа.

Онцгой шинж тэмдэг:

  • Хуучирч ноолорсон байдалтай
  • Мөнгөн тэмдэгтийн үнэт цаас бус энгийн цаасан дээр хэвлэсэн