Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Хуримтлуулахаасаа өмнө...

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Гийгүүлэгч Сэржээ /Гадаадад амьдарч ажиллаж буй Монголчуудаа төлөөлнө/

Хадгаламж гэж юу вэ? гэсэн асуултанд хүн бүхэн өөрийнхөөрөө хариулах биз ээ. Гэхдээ бүгд л нэг зүйлд санаа нийлдэг нь “ДАРАА ХЭРЭГЛЭХ ГЭЖ”. Тэр дараа нь хэзээ, хаана, юунд зарцуулагдахаараа л ялгаатай байдаг болов уу гэж би боддог юм. 

Шинэ байр, машин худалдан авах, үр хүүхэддээ зориулах, хөгширсөн хойноо хэрэглэх, гэнэтийн тохиолдолд зарцуулах гэх мэтээр ирээдүйнхээ баталгааг хангаж буй  хамгийн гол зүйл нь хадгаламж юм. Үүнийг мэдээж хүн бүр мэддэг ч ихэнх тохиолдолд бага орлого, өндөр хэрэглээнээсээ болж хуримтлал үүсгэж чаддаггүй. Зарим нэг нь хуримтлал үүсгэж эхэлмэгцээ гэнэтийн мөнгөний хэрэгцээ гармагц цуцалж орхидог. Тэгээд дахиж эхлэх гэж хугацаа алдах нь бий.  

ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭХДЭЭ ӨНДӨР ХҮҮТЭЙГ НЬ СОНГООРОЙ. 

Манай гэр бүлийн хувьд цалингийнхаа 50%-ийг хадгалдаг. Цалин буусан өдөр юун түрүүнд “хадгаламжнууддаа” мөнгөө хувааж хийгээд, үлдсэн мөнгөө сарын хэрэглээндээ зарцуулдаг. 
Энэ нь эхлээд зарцуулаад үлдсэн мөнгөө хадгалснаас хамаагүй үр дүнтэй арга юм. Гар дээр бэлэн мөнгө байлгаснаас хүү бодогдож байсан нь дээр. 

Монголын банкуудын хадгаламжийн хүү гадаадынхтай харьцуулахад хавьгүй өндөр тул урт хугацааны хадгаламжаа бид монголдоо нээлгэсэн. Тийм учраас гадаадад амьдарч буй хүмүүстээ гэж хэлэхэд Монголынхоо банкуудаас сонголтоо хийгээрэй гэж зөвлөх байна. Энэ нь нэг талаар миний хувьд иргэний үүргээ бага ч болтугай биелүүлж байгаа хэрэг юм. Учир нь миний хадгаламжийн мөнгө эргэлтэд орж, эх орны минь бүтээн байгуулалтад бага ч болтугай хувь нэмэр оруулдаг бизээ.

Мэдээж хувьцаа бондод хөрөнгө оруулалт хийх гэх мэтээр нэмэлт орлого олох санхүүгийн олон боломж бий.  Гэхдээ энэ удаад хадгаламжийг онцлоё. 

Монголын ихэнх банкуудын жилийн хадгаламжийн хүү 14%-16% байдаг. Түүнээс гадна дотроо маш олон төрөлтэй болохыг та захын банк руу ороод танилцуулгаас нь харж болно. Миний хувьд энэ удаад өөрийн сонгосон 2 төрлийн хадгаламжийг танилцуулъя.

ХУГАЦААТ ХАДГАЛАМЖ

Та юун түрүүнд хүүгээс хүү боддог эсэхийг шалгаарай. Хүүгээс хүү боддоггүй 15%-ийн хадгаламж нь хүүгээс хүү боддог 14%-ийн хадгаламж хоёрын хугацааны эцэст олгох хүү нь адилхан байдаг. Иймээс зөвхөн хадгаламжийн хүү ч биш ямар төрлийн хадгаламж вэ? гэдгийг ялгаж харах хэрэгтэй.

ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖ

Энэ нь өдөр тутам гүйлгээ их хийдэг, хувийн бизнес эрхэлдэг хүмүүст илүү тохиромжтой. Та картаа хугацаагүй хадгаламжийн данстайгаа холбочихвол өдрийн орлого болон захиалгын мөнгөө энэ дансандаа төвлөрүүлэх боломжтой юм. Ингэснээр таны мөнгө харилцах дансанд байснаас хугацаагүй хадгаламжийн дансанд тань байвал  үлдэгдэл мөнгөнд тань хүү бодогдож байдаг.

Би дээр гэр бүлийн маань “хадгаламжууд” хэмээн онцолсон. Яагаад олон тоон дээр бичсэн бэ? гэвэл би бүх мөнгөө нэг хадгаламжинд хийдэггүй. Учир нь 1-2 сарын дараа хэрэглэх мөнгөө урт хугацаат хадгаламжинд төвлөрүүлчихвэл, дараа нь цуцлах хэрэг гарна шүү дээ. Иймээс санхүүгийн хэрэгцээндээ тохируулан хадгаламжаа төрөлжүүлдэг гэсэн үг. Энэ талаар дараагийн дугаарт та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулах болно. 

Гийгүүлэгч Тогоо /Олон нийтийг төлөөлнө/

Хадгалах хандлагын тухай бичихээр тоо баримт эргүүлж суухдаа би энэ тухай танд заавал хүргэх ёстой гэж бодсон юм. Учир нь статистик тоон мэдээ бидэнд олон анзааргагүй орхисон зүйлийг минь санагдуулдаг шүү дээ. 

Өнгөрсөн жилүүдэд үндэсний хуримтлалын тухай их ярьж байгаа нь учиртай ажээ. Үндэсний хуримтлал гэдэг нь тухайн улсын нийт хүн амынх нь хэдэн хувь нь хуримтлалтай байгааг тодорхойлж буй хэрэг. Манай улсын хувьд үндэсний хуримтлалын хэмжээ 28 хувьтай.  Харамсалтай нь энэ бол дэндүү чамлалттай тоо. Учир нь  Катарт энэ үзүүлэлт 62, Кувейтэд 56, Хятадад 50 хувьтай байна. Олон улсын валютын сангийн тооцоогоор Катарын иргэд өнгөрсөн жил 200 тэрбум, Кувейт улсын айл өрхүүд 186 тэрбум, Хятадын хүн ам 8.9 их наяд ам.доллар хадгалж чаджээ. Лут байгаа биз.  

Гэтэл монголчуудын маань олонх нь ямар ч хуримтлалгүй. уримтлалтай хүмүүсийн дийлэнх нь зөвхөн хүүхдийн хадгаламж нээлгээд, сар бүх хүүхдэд төрөөс өгдөг байсан 20 мянган төгрөгийг нь цуглуулдаг байж. Гэвч одоо хөргөгч зурагттай бол тансаг амьдралтайд тооцогдох болж, олон хүүхэд энэ мөнгийг авч чадахаа байсан. Дараа нь төрөөс нөхөж хийлээ гэхэд ямар хүү бодогдох биш гэсэн харуусал төрөх юм. 

Банкинд хадгаламжтай монголчуудын 83 хувийнх нь дансан дахь мөнгө нэг сая төгрөг ч хүрэхгүй. 

Гэтэл хадгаламжтай хүмүүсийн ердөө ганцхан хувь нь 50 саяас дээш төгрөгийн хадгаламжтай байдаг нь нийт монголчуудын хадгалдаг мөнгөний 62 хувийг хэдхэн хүн эзэмшдэг гэсэн үг юм. Тэдэнд мөнгө байгаа учраас л тэр шүү дээ гэж энэ тоог хараад надад барьцах сэтгэл төрснийг нуух юун. 
Гэтэл эдийн засагчид “Тэр хүмүүс мөнгө хадгалж сурсан учраас л хуримтлалтай байгаа юм” гэж хариулж байна. Нээрээ ч бодох л ёстой зүйл мэт. 

Монголчуудын 99 хувь нь “Би цалин багатай учраас хадгалах мөнгө байхгүй”, “Дараа ахиухан мөнгөтэй болохоороо нэгмөсөн хадгалъя” гэж өөрийгөө тайвшруулсаар нэг л мэдэхэд хурааж хуримтлуулсан юу ч үгүй, хоосон явж байдаг аж. Тэр үед нас нь хэдийнэ явчихсан байдаг. Эргээд харахад мөнгө хуримтлуулах боломж үргэлж байсан мэт санагдана. Тэгээд амаа барьдаг. Өнөөдөр манай улсад 2 сая төгрөгөөс дээш орлоготой 48,000, 1-2 сая төгрөгийн орлоготой 242,000, 1 сая төгрөгийн орлоготой 500,000 мянга гаруй өрх байна. Гэвч 90 хувь нь огт хадгаламжгүй. Эдийн засагчид эдгээр өрхүүд хамгийн багадаа орлогынхоо 10 хувийг хадгалах боломжтой гэж үзсэн байдаг. 

Хэдийгээр амьдрал мөнгөн дээр тогтдоггүй ч гэлээ бидэнд баяр хөөр авчирдаг олон зүйл мөнгөтэй яах аргагүй холбоотой. Миний хувьд ч гэсэн дэлхийг тойрон аялах, болдогсон бол сансар огторгуйгаар ч аялах хүсэл бий. Гэхдээ энэ мөрөөдлийг минь мөнгө ямагт тушдаг. Тиймээс их ч байсан бага ч байсан мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөртөө зорилготой байж, хуримтлал үүсгэх шийдвэрийг гаргасан юм. 

Хамгийн гол нь ямар ч хуримтлалгүйгээсээ болж амьдралаа зөвхөн ажиллаж өнгөрөөх, мөрөөдлөө биелүүлж чадахгүй байх, үр хүүхдээ олигтойхон сургууль соёлд сургаагүй, хөгширсөн хойноо бусдын гар харж амьдрахыг хүсэхгүй байна. Тиймээс та ч гэсэн дээрх тоо баримтуудаас нэгийг эргэцүүлэх бизээ. 

Миний хамгийн эхэнд хийж эхэлсэн алхам бол орлогынхоо 10 хувийг хадгалах. Дараа дараагийнхаа дугаараар уншигч та бүхэнтэй энэ сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. 

Дараагийн дугаарт: Уншигч та бүхнийг өмнө тавьсан зорилготой, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чаддаг, бусдад арга туршлагаасаа хуваалцахыг хүссэн нэгэн бүсгүйтэй уулзуулахаар бид аяны жолоог Сэлэнгэ нутгийн зүг залж байна. Аяны богц дүүрэн эргэн уулзацгаая. Танд амжилт хүсье. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.