Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-ийн ХҮНИЙ ИХ ЭМЧ бэлтгэх сургалтын хөтөлбөр ОЛОН УЛСАД хүлээн зөвшөөрөгдлөө

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр Герман Улсын ASIIN олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, магадлан итгэмжлүүлэн өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунгоо "Манай сургуулийн сургалтын бодлогын хүрээнд хийж байгаа маш том ажлуудын нэг нь магадлан итгэмжлэл. Магадлан итгэмжлэл маань байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн гэсэн хоёр төрөл байгаа. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл дотроо олон улсын болон үндэсний гэж ангилагдана.

Энэ удаад манай сургуулийн Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ. Хүний их эмч бэлтгэх хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэнээр манай сургуулийн суралцагч оюутнууд, төгсөгчид, эмч нар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадны улс орнуудад ажиллах боломж нээгдэж байна. Зарим оронд манай төгсөгчдийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бол одоо тийм асуудалгүй боллоо.

Тэгэхээр зарим тохиолдолд манайхан буруу ойлгочихдог. Төгсөөд шууд хаана ч хамаагүй ажиллах эрхтэй боллоо гэж ойлгодог. Гэтэл дэлхийн аль ч улс оронд лицензийн шалгалт өгч байж эмчээр ажиллах эрхээ олж авдаг" гэв.

 

Мөн төгсөлтийн өмнөх сургалтын хүрээнд кредит болон оюутан солилцоо, төгсөлтийн дараах сургалтаар мэргэжил дээшлүүлэх, мэргэших урт, богино сугацааны сургалтанд хамрагдах боломжтой болж, АШУҮИС нь дэлхийн жишигт хүрсэн сургалт явуулдаг болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн хувьд зах зээл дээрх эмчийн хэрэгцээ харьцангуй хангалттай түвшинд очсон гэж үзэж байгаа учраас сүүлийн жилүүдэд элсэгчдийнхээ тоог цөөлж байгаа ажээ.  Энэ жилийн хувьд хүний их эмчээр 300 гаруй суралцагч төгсөх юм байна.

Олон улсын түвшинд хүрсэн сургалт явуулдаг болохыг баталж буй уг гэрчилгээг авахын тулд Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг БСШУСЯ, Боловсролын газар, Дээд боловсролын хэлтэс, Боловсролын магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэй ажиллажээ.