Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд нарнаас эрчим хүч гаргаж, нөөцөлдөг даавуу бүтээлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Өнөөдрийн нарны эрчим хүч үүсгэгч хавтангууд үүсгэсэн эрчим хүчээ хадгалж чаддаггүй. Эрчим хүчийг шууд хэрэглээнд оруулах, эсвэл тусдаа нүсэр том баттерейнд нөөцөлдөг нь өдөр тутмын хэрэглээнд оруулахад саад учруулдаг.

Тэгвэл нанотехнологийн хэсэг эрдэмтэд нарны эрчим хүчийг үүсгэх, нөөцлөх чадвартай маш нарийн, уян хатан зэс утас бий болгосон нь даавуу, нэхмэл эдлэлд суурилуулах боломжтой материал болжээ.

Ингэснээр нарны гэрлээс үүсгэсэн эрчим хүчээр гар утсаа цэнэглэх боломжтой хүрэм, гадуур хувцас үйлдвэрлэх боломж бий болж байна. Уг төслийг удирдсан Төв Флоридагийн Их сургуулийн Нано Технологийн төвийн судлаач, доктор Жаян Томас хэлэхдээ “хамгийн чухал нь түүнийг хөдөлгөөнт нөхцөлд ашиглах боломж юм” гэжээ. “Баттерей, үүсгүүр гэсэн хоёр тусдаа төхөөрөмжийн оронд бид нэг утсанд бүгдийг багтаасан” гэж тэр хэлж байна.

Утсыг бүрдүүлж байгаа нарны эрчим хүч үүсгүүр болон эрчим хүч нөөцлөх суперкапазитор нь дундаа нэг электрод ашигладаг. Ийм олон утсыг энгийн утсаар холбож сүлжсэн даавуу гаргаж авснаар хувцас хийх материал бий болжээ.

Шинэ технологийг цэргийн хувцсанд ашигласнаар төхөөрөмжөө цэнэглэх хүнд, овор ихтэй баттерей авч явах хэрэггүй болно. Үүнээс гадна нисгэгчгүй онгоц буюу дрон, цахилгаан автомашинд ч ашиглаж болох ирээдүйтэй талаар зохион бүтээгчид нь ярьжээ.

Одоо тэд уг материалаа хэрхэн оновчтой сүлжиж багцлах, уян хатан чанарыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Quartz