Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос Google-д газрын зургийн мэдээллээ өгөхгүй байхаар шийджээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Хэдэн сарын турш Өмнөд Солонгосын иргэдийг хоёр хуваагаад байсан маргаантай асуудал бол Google компанид газарзүйн мэдээллээ өгч Maps үйлчилгээнд нь оруулах эсэх байв.

Тэгвэл тус улсын газрын яам өнөөдөр үндэсний аюулгүй байдлын үүднээс Google-ийн хүсэлтийг хүлээж авахгүй байхаар шийдсэнээ зарлажээ. Хойд Солонгостой үргэлж дайны байдалд оршдог тус улс орон нутгийн газар зүйн мэдээллийг гадаадын сервэрүүдэд экспортлохыг хориглодог юм.

Google-ийн сервэрүүд Өмнөд Солонгосын гадна талд байрладаг тул татгалзсан хариу өгсөн байна. Энэ тохиолдолд Google Maps үйлчилгээг Өмнөд Солонгост ашиглахад алхах болон машин жолоодоход хүрэх газар хүртэл нь газарчилж чадахгүй болж байгаа юм.

Сөүл анх Google-ийг хэрвээ цэргийн байгууламжуудын мэдээллийг газрын зураг дээр харагдуулахгүй байвал дотоодын мэдээллээ өгч болно гэж байжээ. Гэвч Google ингэхээс татгалзсан тул Сөүл мөн татгалзахад хүрсэн байна.

Google компани өнгөрсөн зургаадугаар сард хүсэлтээ Сөүлийн эрх баригчдад илгээж, энэ үеэс эхлэн Өмнөд Солонгос дотор маргаан өрнөсөн гэнэ. Наймдугаар сард засгийн газар хариу өгөх хугацаагаа хойшлуулсан нь сайд нарын дотор санал зөрүүтэй байсантай холбоотой.

Дэмжигчид Google Maps үйлчилгээнд Өмнөд Солонгос нэгдсэнээр аялал жуулчлалын хөгжилд нэмэр болно гэж үзэж байв. Харин эсэргүүцэгчид үндэсний аюулгүй байдлаас гадна, дотоодын Map үйлчилгээнүүдээ хамгаалах шаардлагатай гэж байжээ.

Удаан үргэлжилсэн маргаан өндөрлөж өнөөдөр хариуг нь ийнхүү гаргасан байна.

 

Эх сурвалж: Japan Times