Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнгэл: Кино урлагийг дэмжихгүй байна гэдэг маркетинггүй компаниас ялгаагүй

Б.Даваахүү
2016 оны 11 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

“Тэнгис” кино театрын маркетингийн ахлах менежер Д.Цэнгэлтэй ярилцлаа. 

-ОХУ-ын “Мөнгөн морь” кино наадамд “Ээж” кино тун амжилттай оролцсон. “Тэнгис” кино театр тус киноны дистрибьютерээр ажилласан шүү дээ. Кино наадмын сонин хачинаас манай уншигчдад хуваалцахгүй юу? 

-Кино наадам бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Уран сайхны болон богино хэмжээний, аймшгийн, фантастик гэх мэтээр ангилагддаг. Иймээс нэг кино бүхий л кино наадмуудад оролцох боломжтой гэж ойлговол өрөөсгөл болно. “Ээж” кино манай театрт өнгөрсөн зургаадугаар сарын 6-нд нээлтээ хийсэн.

Хэдийгээр наймдугаар сарын дунд үе хүртэл гарсан ч, амралт зугаалгын үе таарсан болохоор ч тэр үү, хүмүүст хүрч чадаагүй. Гэхдээ тус киног олон улсын наадамд явуулсны дараа мэдээлэл нь хүмүүст хүрч, киног үзэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж эхэлсэн. “Ээж” кино аравдугаар сарын 26-28-ны хооронд ОХУ-ын Уфа хотод болсон “Мөнгөн морь” кино наадамд уригдаж оролцсон юм.

Тус кино наадамд Монголын анхны уран бүтээл оролцсон нь энэ байлаа. Шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, МУГЖ Ж.Мэндбаяр “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн. Олон улсын кино наадмаас нэр зааж, том шагнал хүртсэн тохиолдол нэлээд олон жилийн дараа тохиож буй нь энэ л дээ. Миний хувьд энэ удаагийн наадамд шүүгчээр бус, дистрибьютерийн үүргээр оролцсон. 

-Тус наадмыг дуусгаад л, Дэлхийн Азийн кино наадамд “Ээж” киног сойсон гэж дуулсан юм байна? 

-Тийм ээ. “Мөнгөн морь” наадмыг дуусгаад л дараагийн тэмцээн рүүгээ хөдөлсөн. АНУ-ын Лос Анжелес хотод Дэлхийн Азийн кино наадам зохион байгуулагдсан юм. Бид эхний наадмаа дуусгаад шууд л Лос Анжелес руу нисч, нисэх онгоцны буудалд газардмагцаа л дараагийн тэмцээнээ зорьсон.

Машиндаа хувцсаа солиод л кино театр руу орж, шүүгчдийн асуултад хариулж билээ. Тэнд байсан үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй байсныг энд дурдах хэрэгтэй. Энэ эмэгтэй жүжигчин Монголд алдартай юу, кино хэдий хэрийн хөрөнгөөр бүтсэн бэ, зураглаачийн ажил хэр байв гэх мэт асуултыг надаас сонирхон асууж байсан.

Учир нь ийм хэмжээний кино бүтээхэд маш их хэмжээний хөрөнгө зарцуулагддаг юм. Гэтэл монголчууд нэг сар бэлтгэлээ хангаж, нэг сар зураг авалтаа хийгээд, үндсэндээ гурван сарын дотор л киногоо хийдэг. Тиймээс шүүгчид кино бүтсэн төсвийг сонсоод үнэхээр гайхаж байсан. “Та нарыг өндөр үзүүлэлт бүхий техник технологиор нь хангачихвал юуг ч хийж чадах авьяастай хүмүүс юм байна. Кино урлаг хөгжиж байгаа юм байна” гэж үнэлж байсан шүү. 

-Кино урлаг хөгжиж байгаа. Гэхдээ манай зах зээл хэт жижиг. Ер нь кино театрыг зорих үзэгчдийн тоо хэр байна вэ?

-Монголын уран бүтээлчид жилдээ 30-40 кино хийдэг. Сард 3-4 кино нээлтээ хийж байна. Кино бүр харилцан адилгүй. Уран бүтээл, найруулагчийн чанар чансаа, тоглосон жүжигчдээсээ хамаараад дэлгэцнээ амьдрах чадвар нь ч янз бүр.

Ихэвчлэн театрт гарсан кино 4-5 сарын дараа IPTV буюу бидний хэлж заншсанаар Univision, Skymedia, Ddish-ийн кино сангуудад тавигддаг. Монголын кино зах зээл маш жижиг.

Жилдээ 3-4 уран бүтээл хийчихдэг хүн байхад, 2-3 жилдээ нэг даацтай бүтээл хийх уран бүтээлчид ч бий. Тэднийг дэмжиж, хийсэн уран бүтээлд нь зах зээлд оршин тогтнох боломжийг олгож, дэлхийн хэмжээнд хүргэхийн тулд олон улсын кино наадмуудад оролцуулах шаардлага бий.

“Тэнгис” кино театрын хувьд Монголынхоо уран бүтээлчдээ илүүтэй дэмжихийг эрмэлздэг. Мөн Элчин сайдын яамдуудтай хамтран олон улсын соёлын өдрүүдийг зохион байгуулдаг. Жил бүр “Улаанбаатар” кино наадмыг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Ирэх оны эхээр Японы соёлын өдрүүд “Тэнгис” кино театрт болно.

Өмнө нь Франц, Солонгос, Турк, Колумбийн кино өдрүүдийг амжилттай зохион байгуулсан. Колумбийн кино өдрүүдийг БНСУ-д суух Элчин сайд нь Улаанбаатарт хүрэлцэн ирж, соёлоо сурталчилсан. Тэд кино өдөрлөгт ийм их ач холбогдол өгч байна. Кино бол тухайн соёлыг хүмүүст таниулах хамгийн чухал зэвсэг.

Тиймдээ ч киногоор дамжуулан соёлоо сурталчилснаар бид бусад орны соёл, хүмүүсийг ойлгож, үнэт зүйлийг нь хүндэтгэдэг болж байна. Нөгөө талаар, хамтран ажиллах боломж нээгдэхээс гадна, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Ний нуугүй хэлэхэд, гадаадын зарим улс оронд явж байхдаа манай Элчин сайдын яамд яагаад Монголынхоо уран бүтээлчдийн сор сор бүтээлүүдийг тухайн улс оронд гаргаж, түүх соёлоо түгээн дэлгэрүүлдэггүй юм бол гэж бодож, дотроо эмзэглэх үе байдаг. 

-Та үзэгчдийн кино театрт ирэх давтамж нэмэгдэж байгааг дээд дурдсан. Магадгүй дахин дахин ирэх шалтгаан нь “Тэнгис” кино театрын зохион байгуулж буй үйл ажиллагаатай холбоотой байх? 

-Кино театрт Холливудын мундаг бүтээлүүд байнга л гарч байдаг. Гэхдээ есдүгээр сард АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл, манай кино теартын хамтран зохион байгуулсан Америк кино өдөрлөгийн үеэр маш өөр өнцөг харагдаж байсан. Тэдгээр киноноос тус орны бидний мэддэгээр өөр өнгө төрхийг харж болох байлаа.

Мэдээж манайх бизнесийн байгууллага. Хамтран ажиллах тодорхой нөхцлүүд бий. Гэхдээ түүнээс илүүтэйгээр нийгэмд соёлоо түгээх, уран бүтээлчдийнхээ үзэл бодлыг гаргахын тулд дэмжиж, тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

-Кино уран бүтээлчид бор зүрхээрээ л яваа гэдэгтэй та санал нийлэх үү. Үнэндээ кино урлагийг дэмжихэд төр засгаас төдийлөн анхаараад байдаггүй. Харин эсрэгээрээ кино театрууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ үүргийг хүлээж байна? 

-Юуны түрүүнд урмын үг хайрласанд баярлалаа. Улс орон, төр засгийн хэмжээнд кино урлагаа дэмжихгүй байна гэдэг маркетингийн албагүй бизнесийн байгууллагаас ялгаагүй. Соёлоо сурталчилж, түгээн дэлгэрүүлж чадахгүй юм бол бидний юуг дэлхий нийт үнэлэх юм бэ. Лос-Анжелесийн Дэлхийн Азийн кино наадамд улс орны Соёлын сайд, Элчин сайдууд нь оролцдог юм билээ.

Энэ бол кино урлагт ямар их анхаарч байгаагийн илрэл юм. Энэ дашрамд нэг зүйлд талархлаа илэрхийлмээр байна. Уфад болсон кино наадамд миний бие “Ээж” киноны продюссертэй хамт явсан. Гэтэл Лос-Анжелест киногоо гаргах шаардлага гарч, нэг хоногийн өмнө явах хэрэгтэй болсон юм.

Тэгээд ОХУ-д суух Элчин сайдын яамныханд хандан орчуулагч гаргаж өгөхийг хүссэн. Бидний хүсэлтийг хүлээн авч, орчуулагч явуулж өгсөнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Бидний хувьд анхны алхмаа хийлээ. Гэхдээ уран бүтээлч хувиараа бүтээлээ олон улсын наадамд сойно гэдэг тийм ч хялбархан бүтчих хэрэг биш. Тиймээс үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, жилдээ нэг уран бүтээлийг сонгон улсаа төлөөлүүлэн олон улсын тэмцээнүүдэд явуулдаг болчихвол сайн л байна.

-Жилд 30-40 кино хийгддэг гэлээ. Танай театрт бүгд гарч чадаж байна уу? 

-Техникийн зарим үзүүлэлтийг хангаагүй цөөн уран бүтээлд татгалзсан хариу өгөх тохиолдол байлгүй яах вэ. Гэхдээ ихэнхийг нь гаргахыг хичээдэг. Ингэхдээ насны хязгаар тогтооно. Уг нь төрийн тусгай байгууллага үүнд хяналт тавих ёстой ч, манайд хэдэн кино театрын менежерүүд цугларч, насны ангилал тогтоон хэзээ гаргахаа шийддэг. Нэг талаар, асар том үүрэг хариуцлага бидэнд ногдож байгаа юм шиг атлаа, нөгөө талаар Монголын үзэгчдэд юу үзүүлэх, эс үзүүлэхийг ердөө тав, зургаан хүн л шийдэж байна.

-Эцэст нь асуухад, кино урлагийн салбарт зүтгэж яваа уран бүтээлчдэд та юу хэлэх вэ?

-“Ээж” кино Энэтхэгийн Колкатад болсон олон улсын кино наадамд сонгогдсон. Миний бие шүүгчээр уригдсан хэдий ч, оролцож амжсангүй. Ерөнхийдөө уран бүтээлчдэд хандаж хэлэхэд, өөрийн киногоо арилжааны, Монголын зах зээлд ханамжтай гэж бодож байвал үүгээр дуусгаж болох юм. Хэрэв тэгэж бодоогүй, киногоо дэлхий дахиныг дамнасан уран бүтээл болж чадна, үнэхээр сайн уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байгаа бол түүнийгээ урт наслуулаарай л гэж хэлмээр байна.

Зураг