Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганчимэг: Даатгалын нөхөн төлбөр авах үйлчилгээ олон шат дамжлагагүй хялбар болно

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

“Авто СОС” компанийн Гүйцэтгэх захирал С.Ганчимэгтэй ярилцлаа.

-Танай компани 2012 онд байгуулагдаж байсан байх?

-Тиймээ, 2012 оны 1 сарын 1-ээс Жолоочийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Даатгалын компаниуд шуурхай албаны үйлчилгээний хүртээмж, түргэн шуурхай байдлаа сайжруулахын тулд компани бүр нилээд хэмжээний зардал гаргаж байж шуурхай албаа өргөжүүлэх шаардлагатай болсон. Уг асуудлыг олон улсын туршлага, жишгийн дагуу манай Авто СОС компани нэгдсэн байдлаар шийдэж 2012 онд байгуулагдан 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Өөрөөр хэлбэл манай компани Даатгалын компаниудын өмнөөс нэгдсэн шуурхай албаны үйлчилгээг даатгуулагчдад үзүүлдэг мэргэжлийн компани юм. Өнөөдрийн байдлаар бид даатгалын 12 компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд жилдээ 30 орчим мянга ослын дуудлага авч, ослын газар дээр түргэн шуурхай очиж даатгалын тохиолдлыг баталгаажуулах, даатгуулагчид зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.  

-“Авто СОС” компанийн нэгдсэн шуурхай албаар үйлчлүүлэх нь даатгагч болон даатгуулагчид ямар ач холбогдолтой вэ? 

- Манай улсад албан журмын анхны хууль болох Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн ч энэ богино хугацаанд хуулийн хэрэгжилт маш сайн байгаа. Уг хууль хэрэгжиж эхлээгүй байхад зам тээврийн ослоос болж маш олон хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насны хохирлоо буруутай этгээдээсээ барагдуулж авч чадахгүй хохирч үлддэг байсан. Одоогоор уг хуулийн дагуу нийт жолооч нарын 95-иас дээш хувь жолоочийн даатгалд хамрагдаж, нөгөө талдаа замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн эрүүл мэнд, амь насны эрх ашиг, жолооч нарын эд хөрөнгийн хохирол энэ хэмжээгээр хамгааладдаг болсон. 

Бидний хувьд холбогдох хууль, журмын дагуу даатгагч болон даатгуулагчийн аль алиных нь эрх ашгийг хамгаалж тэдэнд эрх тэгш, хараат бус, хөндлөнгийн байдлаар үйлчилгээг үзүүлдэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Жолоочийн даатгал маань өөрөө албан журмаар хуулийн дагуу хийгдэж байгаа учраас нөгөө талдаа даатгуулагчид уг хуульд заасны дагуу нөхөн төлбөр болон үүнтэй холбоотой үйлчилгээг мөн хуульд заасны дагуу бүрэн авах ёстой. 

Манай компаниас үйлчилгээ авч байгаа даатгалын компани болон даатгуулагчдын хувьд ослын дуудлагыг 24 цагийн туршид манай шуурхай удирдлагын төвийн 70003000 гэсэн дугаараар өгч, ослын газарт түргэн шуурхай очиж мэргэжлийн зөвөлөгөө, үйлчилгээг авах давуу талтай. Өөрсдөө шуурхай алба ажиллуулж байгаа компаниудын хувьд дотоодын хяналт сул байдагаас үйлчилгээний чанар муу, түргэн шуурхай байдал, машин техник, хүн хүчний хүртээмж муу байдагаас гадна санхүүгийн хувьд маш өндөр зардалтай болдог.

-Зам тээврийн осолд холбогдлоо гэхэд дараа нь нөхөн төлбөрөө авахын тулд олон газраар явж бичиг цаас цуглуулж, цаг зав алдах гээд байдаг нь бас нэг том бэрхшээл шүү?

-Тиймээ, өнөөдрийн нөхцөлд даатгуулагчид маань нөхөн төлбөрөө авахын тулд холбогдох дүүргийн Замын цагдаагийн газраас акт, тодорхойлолт, үнэлгээний компани хайж очиж хохирлын үнэлгээ хийлгэх гээд олон газраас олон хаалга татаж цаг зав, зарим тохиолдолд уур бухимдлаа барах ч үе байна. 

Манай компани өнгөрсөн хугацаанд үндсэн үйл ажиллагаагаа сайжруулж, туршлагажиж энэ хугацаанд олон зүйлийг олж харж, судлаж дараагийн шатанд гаргахаар төлөвлөж байгаагийн нэг нь энэ олон шат дамжлага, бүх процессыг нэгдсэн цогц байдлаар үзүүлэх юм.

Даатгалын компаниуд маань хүсвэл 2017 оноос эхлээд даатгуулагчиддаа хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр шуурхай албаны үйлчилгээгээр дамжуулан бидний даатгалын тохиолдлыг баталгаажуулсан актын хамт, хохирлын үнэлгээ, замын цагдаагийн акт, тодорхойлолт зэргийг цогцоор нь авах боломжтой болж байгаа. Манай улсаас бусад бараг бүх улс ийм байдлаар үйлчилгээ үзүүлдэг шүү дээ. Иймээс аль ч талаа бодсон ойрын хугацаанд Даатгалын компаниуд, Албан журмын даатгагчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Замын цагдаа зэрэг байгууллагуудтайгаа хамтраад энэ үйлчилгээг зайлшгүй нэвтрүүлэх ёстой. 

-Даатгалын компаниудын хувьд танай “Авто СОС” компанийн Даатгалын нэгдсэн шуурхай албатай хамтарч ажилласнаар үйл ажиллагаанд нь ахиц гарч, ачаалал нь буурсан байх даа?

- Холбогдох журмын дагуу даатгалын компаниуд өөрсдийн 24 цагийн үйлчилгээтэй Шуурхай албатай байх ёстой гэсэн шаардлага бий. Энэ шаардлагыг хангасан шуурхай алба байгуулахын тулд нилээд хэмжээний зардал, хүн хүч, машин тэрэг, техник тоног төхөөрөмж хэрэгтэй болохоос гадна цаашид шуурхай албаа тогтмол сайн удирдаж ажиллуулна гэдэг бас нилээд их ажиллагаатай болно.

Манай компанид шуурхай албаны үйлчилгээгээ хариуцуулж өгснөөр даатгалын компаниудын нуруун дээрх энэ том ачааг нь хөнгөлж өгсөн. Санхүүгийн болоод үйл ажиллагааны хувьд ачааллыг нь бууруулчихаар тэдгээр компаниудын хувьд борлуулалт хийх, нөхөн төлбөр олгох гэсэн үндсэн үйл ажиллагаандаа  илүү анхаарах боломж үүсч байгаа юм. 

Бид 24 цагаар 7000-3000 дугаараар дуудлага хүлээн авч замын түгжрэл ихтэй, оргил цаг зэргээс хамаарч ослын газарт 15-аас 45 минутад очдог.

Жишээ нь: Зам тээврийн осол болж хоёр машин мөргөлдлөө гэж бодъё л доо. Нэг машиных нь жолооч өөрийн гэсэн шуурхай албатай даатгалын компаниа дуудна. Харин нөгөөх нь “Авто СОС” нэгдсэн шуурхайн албыг дуудна. Гэтэл нэг ослын газарт хоёр талаас шатахуун түлш, цаг зарж ажилтнууд очдог. Бид зэрэг зэрэг тэгж зардал гаргах шаардлагагүй шүү дээ. Манай АвтоСОС түрүүлж очоод нөгөө даатгалын компанийн шуурхай албыг хүлээж цаг алдаж, замын хөдөлгөөнийг удаан саатуулах ч тохиолдол гардаг.

-Компанийхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. 24 цагаар ажиллаж, жилд 30 мянга орчим дуудлага хүлээн авдаг гэхээр ачаалалтай биз?

- Анхны цаснаар ослын дуудлага эрс нэмэгддэг. Ачаалал гэнэт нэмэгдлээ ч бидэнд ослын газар дээр очиж ослыг баталгаажуулж холбогдох үйлчилгээ үзүүлэх боломж, техник, хүн хүчний нөөц хангалттай байгаа. Яг үнэндээ манай компанийн хувьд өнөөдрийн байдлаар бүрэн нөөц бололцоогоо гаргаж ажиллахгүй байгаа. Гэхдээ осол их гараасай гэж байгаа юм биш шүү. Бид 24 цагаар 7000-3000 дугаараар дуудлага хүлээн авч замын түгжрэл ихтэй, оргил цаг зэргээс хамаарч ослын газарт 15-аас 45 минутад очдог. Баяр ёслол гэх мэт зарим хэт ачааллын  үед ослын газарт шуурхай очиход хугацаа алдах нь үе бага зэрэг гардаг. Манай шуурхай албаны машинууд осол аваар их гардаг хар цэгүүдэд ойрхон байршиж, УБ хотын хэмжээнд бүсчилсэн байдлаар ажилладаг учраас цаг алдах зүйл гардаггүй.

-Осол, аваар хамгийн их гардаг хар цэгүүд үү?

-Тийм. Хамгийн их осол гардаг цэгүүдийг гаргасан. Дуудлагын тэргүүдээ тэдгээр хар цэгүүдэд ойрхон байрлуулчихдаг. Осол гарахад аль ч талаас нь шуурхай очихоор өөрсдийн машин зогсох цэгүүдээ тодорхойлчихсон байдаг. Энэ нь манай ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ ослын газарт байгаа хүмүүст шуурхай хүрч очиход хугацаа алдахгүй давуу талтай. Манай операторууд дуудлагыг хүлээн авч, ослын газарт авах арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд даатгуулагчид зөвлөхөөс гадна шуурхай албаны хамгийн хурдан очих машиныг ослын газарлуу явуулах арга хэмжээг зохион байгуулдаг.

-Та түрүүн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой гэж ярьсан. Түүнийгээ  дараагийн хийх ажлуудыг дэлгэрэнгүй яривал?

Цогц үйлчилгээнд юу орох вэ гэхээр нэгдүгээрт,  түрүүчийн ярьсан нөхөн төлбөр авахад шаардлагатай материалуудыг бүрдүүлэн даатгалын компаниудад хүргэж өгөх. Хоёрдугаарт, ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тохиолдолд ачиж тээвэрлэх, дугуй солих, нөхөх, асаах, гэх мэт тээврийн хэрэгэсэл жолоочид шаардлагатай байгаа бүх л туслалцааг үзүүлэхээр төлөвлөж байна. Ослын улмаас тухайн хэрэгсэлд галын аюул үүссэн, үүсэж болзошгүй тохиодолд бид байнгын галын хортой явж байгаа тул анхны арга хэмжээг авч чадаж байна. 

 

Мөн манай үйлчилгээний бас нэг давуу тал болох хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал гарвал анхан шатны тусламжийг нь бид үзүүлнэ. Ослын газарт дуудлагаар очиход хүний эрүүл мэндэд хохирол учирч яаралтай анхны тусламж шаардлагатай байхад “Одоо 103 дуудаарай” гээд хараад зогсож байж болохгүй. Манай мэргэжилтнүүд цус тогтоож, даралт үзэж анхны тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй гэж үзэн мэргэжилтнүүдээ мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлдэг болгох тал дээр ажиллаж байна. Ийм болгохын тулд бид анхан шатны тусалцаа үзүүлэх тусгай сургалтад хүмүүсээ хамруулж сургаж, сайжруулж мэргэшүүлэх ажлыг мөн эхлүүлж байгаа.  

-Таны ярианаас Монголд Даатгалын нэгдсэн шуурхай алба юутай ч сууриа зөв тавиад эхэлчихэж. Одоо дараагийнхаа шатандаа гарч олон улсын хэмжээнд хүрсэн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна гэж харагдаж байна?

-Бид дараагийн шатандаа яаж гарах ёстой вэ, үйлчилгээ үйл ажиллагаагаа яаж сайжруулах вэ, ямар байх ёстой вэ гэдгээ өнгөрсөн хугацааны туршлага, судалгаа, нөхцөл байдал дээрээ тулгуурлан тодорхойлсон байгаа. Үүний хүрээнд зарим ажлуудынхаа эхлэл болгож Албан журмын даатгагчдын холбоотой өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 11-нд хамтран ажиллах санамж бичиг зурж, шуурхай албаны үйлчилгээг нэгдсэн нэг стандарттай болгох зорилготойгоор, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал, мэргэжлийн байдал зэрэг дээр хамтран бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болсон.

Ослын газраас тухайн ослын зураг, ослын тэмдэглэл зэргийг даатгалын компаниуд шууд үзэх боломжтой болно. 

Мөн нэгдсэн нэг мэдээллийн сантай байж шуурхай албаны ослын дуудлага болон ослын талаарх мэдээллийн бааз үүсгэх, энэ мэдээллээр даатгалын компаниуд, хохирлын үнэлгээний компаниудыг хангах тал дээр хамтарч ажиллахаар болсон. Мөн ослын нэг тохиолдлоор даатгалын нөхөн төлбөрийг давхардуулж авах боломжыг хаах зорилгоор мэдээллийн сан үүсгэх боломжтой болж байгаа. Энэ нь даатгалын компаниудад их чухал зүйл. Бид мөн программ хангамжаа сайжруулж олон улсын жишигт хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна. Ингэснээр ослын газраас тухайн ослын зураг, ослын тэмдэглэл зэргийг даатгалын компаниуд шууд үзэх боломжтой болно. 

-Даатгалын компаниас нөхөн төлбөр хуурамчаар авах зорилгоор дуудлага өгөх тохиолдол гардаг уу? Танай компани энэ тал дээр яаж ажилладаг вэ?  

- Миний дээр хэлсэнчлэн даатгалын хамралт сайн байгаа мөн хүмүүс даатгалын ач холбогдолыг илүү их ойлгосонтой холбоотойгоор иймэрхүү тохиолдол мэр сэр гардаг. Үүнтэй холбоотойгоор бид ч ослын газрын үзлэгээ маш чанартай, мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай болж байгаа гэсэн үг. Бидний ослын газар бүрдүүлсэн баримтаар ийм хэд хэдэн хуурамч тохиолдлыг илрүүлж байсан. Хуурамч тохиолдлыг илрүүлэх явдал өнөөдөр даатгалын компаниудад нилээд тулгамдсан асуудал болж байгаа. Иймэрхүү тохиолдлыг илрүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор бид дуудлагын мэргэжилтнүүддээ энгэрийн яриа хураагуур байнга зүүлгэж бичлэг хийх боломжийг бий болгохоор ажиллаж байна. Энэ ярианы бичлэгээ өөрийн программд байршуулснаар даатгалын  компаниуд өөрийн эрхээр нэвтэрч сонсох боломжтой болно. Мөн нөхөн төлбөр хуурамчаар авсан, авахыг завдсан даатгуулагчдийн мэдээллийн сан буюу хар жагсаалтыг уг програмдаа мөн үүсгэнэ. 
 
-Хоёр машин зураас гаргах төдий шүргэлцэхэд л даатгал, цагдаа дуудаж бөөн түгжрэл үүсгэдэг. Та энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд энэ мэт жижгэвтэр зүйлийг хэрхэн зохицуулах нь зүйтэй гэж боддог вэ?

- Өнөөдрийн байдлаар иймэрхүү хэмжээний жижиг осол дээр замын цагдаа заавал дуудах шаардлагатай байгаа. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоо, Замын цагдаа зэрэг байгууллагууд хүний эрүүл мэнд хохироогүй, бага хэмжээний хохиролтой осолд холбогдогч нар хоорондоо маргалдаагүй буруутайгаа нэг нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тохиолдод заавал замын цагдаа дуудаж цаг алдаж, чирэгдэл үүсгэх шаардлагагүй болгох талаар яриж байгаа. 
Замын цагдаа шаардлагагүй замын тээврийн осол дээр очихгүй байх нь улсын төсөв, мөнгийг хэмнэхээс гадна даатгуулагчид замын цагдаа хүлээгээд байх шаардлагагүй болж цаг заваа хэмнэж нөхөн төлбөр авах шат дамжлагын нэг хаалгыг алга болгож байна гэсэн үг. 

Бусад улс оронд ийм л байдаг, Хэрэв энэ хэрэгжиж эхэлвэл манай Нэгдсэн шуурхай албаны хариуцлага маш ихээр нэмэгдэж, Даатгагч, даатгуулагчаас хамааралгүйгээр хөндлөнгийн үйлчилгээ үзүүлж байгаагийн ач холбогдол ч үүн дээр гарна. Бидний хувьд хууль эрхзүйн талаас нь осолд холбогдогчдын буруу, зөвийг шууд тодорхойлж акт, тодорхойлолт гаргах эрхгүй ч ослын газарт осолд холбогдсон хүмүүс өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн ослыг баталгаажуулж гарын үсэг зуруулан авч баталгаажуулах  боломжтой. 

Одоо хүмүүсийн хандлага өөрчлөгдөж осол боллоо гэхэд гарч ирээд муудалцаж хэрэлдэхээ бараг байчихсан. Замын хөдөлгөөнд оролцох соёл, мэдлэг нь эрс сайжраад байгаа. Осол боллоо гэхэд “Чи даатгалтай юу. Аль компанийн даатгалтай вэ. Даатгалаа дууд” гэж нэгнээсээ асуудаг болчихсон. 

Даатгал өндөр хөгжсөн орнуудад тэгдэг, ингэдэг гэж ярьж жишээ их татдаг. Эдгээр орнуудад хүмүүс бүхий л төрлийн даатгал хийлгэж хувийн төсөвтөө даатгалын зардалаа тусгасан байдаг. Тэнд даатгалыг амьдралын салшгүй нэг хэсэг гэж үздэг. Миний бодлоор тав, арван жилийн дараа ард иргэд даатгал бол хүмүүсийн амьдралын чухал хэсэг гэдэг ойлголттой болчихсон байна байх. Тийм болоосой ч гэж боддог. Тийм болгохын төлөө биднээс гадна даатгалын зах зээлд оролцож байгаа бүх байгууллагууд болон бусад мэргэжлийн оролцогчид хүчин зүтгэл, хөдөлмөр хувь нэмрээ оруулж байгаа. Манай даатгалын зах зээл чинь харьцангуй залуу ч гэлээ нэлээд хурдацтай хөгжиж байгаа. 

-Тэр үед даатгал хийлгээч ээ, даатгал гэдэг чинь их хэрэгтэй юм гэж их ч ухуулдаг байсан цаг үе шүү?

-Даатгуулаач гэж хүмүүсийн араас хөөж гүйдэг байсан гэх үү дээ. Гэтэл одоо хүмүүс даатгалаа хийлгэе гээд өөрсдөө ирдэг болчихсон. Хандлага нь ингэж өөрчлөгдсөн нь бас нэг том ололт, амжилт. Жил ирэх тусам хувь хүн болоод байгууллагуудын санхүүгийн төлөвлөгөөнд даатгалын зардлын төсөв улам их болоосой л гэж хүсдэг юм. 
Даатгалын зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд ч анхаарал хандуулж хувийн хэвшилүүдтэйгээ хамтарч ажиллаж байна.

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар нь даатгал анх хийлгэхдээ биш даатгалын тохиолдод үүссэн үед яаж үйлчилж байгаа, нөхөн төлбөрөө хэрхэн түргэн шуурхай чирэгдэлгүй олгож байгаадаа байдаг манай АвтоСОС компанийн зорилго бол энэ чухал хэсгийн сайжруулж, олон улсын жишигт хүрсэн чанартай болгож даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулна.
 
-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Өдрийн сонин

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.